ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

ТӨРИЙН ДОМОГТ 9 СУУ ХАТАД

                                                                              ӨМНӨХ ҮГ
Та бид дэлхийн түүхэнд мөрөө нэг бус удаа тодоос тод, гүнээс гүн үлдээсэн баялаг их түүхийн эзэд, хүчирхэг их эзэнт гүрнүүдийн хаадын удам угсаа, их эзэн Чингис хааны үр хойчис хэмээн түүхт их өвгөдөөрөө бахархан омогших атлаа яагаад бидний өвгөд дээдэс, их хаадууд тийм агуу хүчирхэг байсныг чин үнэнээр нь мэдсэн билүү. Яагаад монголчууд бид үе үедээ яс, цусаараа удамшуулан тээсэн тэнгэрийн гэх хөх толботой төрдгөө, бас энэхэн хөх толбоны цаана ямархан учир, ямархан нууц, ямархан оньс түгжээ, хүч чадал, эрдэм мэдлэг бүхэн нуугдан байдгийг тэр бүр мэддэгсэн билүү?
Бидний өвгөдүүд дэлхийн талыг эзэлсэн атлаа яагаад заавал энэ л нутгийг, энэ л газар шороог үрсдээ үлдээж, түүнийгээ алтан сүлжээт амиараа, халуун хэлхээт ясаараа, бүлээн ундаргат цусаараа хамгаалан зогсож, өмгөөлөн тэмцэж авч үлдсэний цаад нарийн учрыг тэр бүр ухаарсан билүү? Дэлхий ээж амьтайг, Мөнх Хөх Тэнгэрээс гарвалтайг, уул ус эзэнтэйг, ургамал мод бас уйлдгийг та бид мэддэг хэрнээ яагаад үл ойшоон дээгүүр харан алхана вэ? Наран, саран, одон, гаригс энэ л орчлон хорвоод эх үрэн сүлжээгээрээ хүйн их холбоо үүсгэн, бүх ертөнцийн таталцлынхаа хуулийн дор эргэлдэн эргэлдэн оршиж, эрчимт их гэрлээ түгээн байж хүмүүн бидэнд амь, амьдрал бэлэглэн байгаа биш гэж үү? Энэ л их эрчимт гэрлийн доор бид боргилон ундрах рашаан булгаараа ундаалан, боловсрон бөнжигнөх үр жимсээрээ хооллон, алтан нараараа ээлгэн, мөнгөн сараараа бүүвэйлүүлэн жаргадаг биш бил үү?
Эх дэлхийгээ хайрлахгүй бол эрдэнэс бүхэн нь барагдсаар дуусахыг, магадгүй мөхөх гунигт тавилан хүлээж буйг мэдсээр байж, сөнөвөл сөнөнө л биз хэмээн мунхаглаж, ганцхан л амьдрах амьтай хэмээн төөрөлдөж, энэхэн насныхаа хүслийг мөнгөнд боомилуулан, эдэнд хүлүүлэн буйгаа буянд бодон мунхарч, байгаль дэлхийгээ хэдий болтол бид тонож суух вэ? Та бидний хороон байгаа, дундруулан байгаа тэр л эрдэнэст амин судлуудаар энэхэн цэнхэр гариг, дэлхий эжий хүрдэн их холбоогоороо Эцэг их Тэнгэртэйгээ нэгдэн нэгэн дээвэр дор оршдог юм.
Монголчууд та бид энэ л амин их судлуудыг манахаар илгээгдсэн тэнгэрийн томилгоотой хөх цэргүүд, хөрст дэлхийн хүйг нь манасан Тэнгэр Эцгийн үнэнч элчүүд гэдгээ мэдэж явах цаг одоо ирчихээд байна. Дэлхийн амин судлуудыг зангиддаг голт цөм, амин зүрх нь оршдог энэ л нутгийн ой хөвч, тал хээр, говь цөлийн уул нуруудыг, гол мөрнүүдийг амиараа, сүнсээрээ хамгаалах тангарагтай хөх өвгөдийн үрс юм шүү, хөрст дэлхийн эзэд юм шүү гэдгийг бидэнд эргэн нэг сануулахаар өндөр өвгөд буучихаад байна. Худал бүү ярь, харагдахгүй байна тэр хаадын чинь сүнс, үзэгдэхгүй байна тэр хатдын чинь зүс гэж мэтгэлцэж маргахаасаа өмнө, хүмүүний энэхэн хараагаа дуран авайтай байг гэхэд шар шувууны нүдтэй бүү зүйрлээрэй дээ. Хөх тэнгэрийн улаач хүмүүний чадвар, мэдрэмж эгэл нэгнийхээс өөр байдаг юм.
Хөрс шороог нь хөндөхгүйгээр улс гүрэн чинь яаж хөгжиж, төрт улс, түмэн ард чинь яаж орших юм бэ хэмээн адран зөрүүдлээд хэрэггүй дээ. Үртэй бүхнээ төлжүүлээд, үндэстэй бүхнээ нахиалуулаад, ундаргатай бүхнээ урсгаад, өнгөтэй, өөдтэй гэсэн бүхнээ хэвлийгээсээ дэлгэж өгдөг өглөгийн дээд ээж минь биднийг, бидний өвгөдийг, өвгөдийн өвгөдийг ч бас түм, буман жилээр нь тэжээгээд, тэтгээд, өсгөөд өдий зэрэгт хүргэсэн ачтан минь биш гэж үү? Юуг нь хэдийд хэрэглэх, юуг нь хэрхэн хамгаалах, юуг нь хайрлан өсгөх, юуг нь бас хадгалж үлдээх вэ гэдгээ л та бид мэддэг байвал болох нь тэр. Бусдыг нь хөх Тэнгэр Эцэг, хөрст Дэлхий Эжий өөрсдөө мэддэг юм. Гэрэлт алтан нарныхаа илч туяа дор галт хэвлийгээсээ хэзээ, юуг төрүүлж, ямар эрдэнэс баялгаа түрэн гаргахаа мэддэг хувилгаан их эжий юм шүү дээ, алагхан энэ дэлхий минь.
Батлагдаагүй бүхнийг үгүйсгэдэг, нотлогдоогүй бүхнийг худалд тооцдог өнөө цагийн хүн та сүнс байдаг гэдгийг, зэрэгцээ ертөнц оршдог болохыг энэ цагийн шинжлэх ухаан хүлээн зөвшөөрчихсөнийг мэддэг л болоо байлгүй. Уг нь шинжлэх ухаанаар нотлохоос өмнө дэлхий бөөрөнхий л байсан, нар манддаг л байсан, гаригс эргэлддэг л байсан, сүнс мөнх л байсан, өвгөд ирдэг л байсан юмсан. 
Өндөр их хаад буугаад, өрөвч хатан эжий нар эрчимт сүнсэн биеэрээ ирээд, хий дүрээрээ түүхээ айлдаад суугааг худал гэж бүү зүтгээрэй дээ та нар минь. Алсын алсад суугаа андтайгаа гар утсаараа дүрээ хараад ярихдаа эрчим байдагт эргэлзээгүй хэрнээ, гариг эрхэс рүү илгээсэн хиймэл дагуултай холбогдлоо гэхээр долгион байдагт гайхаагүй атлаа чинадын цаанаас сүнслэг эрчмээрээ буусан өвгөддөө юунд тэгтэл эргэлзэнэ вэ. Улаач бидний хөх толбо өндөр тэнгэртэй, өвгөдийн сүнстэй холбогддог тэр антенн чинь, зүрх, тархи, эрхтэн бүхэн нь сүнсний мэдээллийг уншдаг, дамжуулдаг тэр процессор чинь, бидний бие, яс, цус өвгөдөө буулгадаг тэр компьютер чинь юм шүү тэгвэл
Хатуу сэтгэлт, мөхөс бодолт хүн та, энэ бүхнийг мэддэггүй юм гэхэд, мэдсэн ч тоодоггүй юм гэхэд ядахдаа л өөрийн тань үрс, тэдний үрсийн үрс бас энэ газар шороон дээр хөрвөөх эрхтэй төрнө гэдгийг битгий мартчихаарай даа. Амин хэлхээт судлуудаа тасчуулан, хүйн элгээ сийчүүлэн байгаа дэлхий ээж хилэгнэн, галав нь юүлдэгт итгэдэггүй юм гэхэд үгүйдээ л газар шороогүй, элгэн нутаггүй, эх оронгүй та бидний хожмын үрс энэхэн хөрстийн хаана нь төрнө хэмээн бодож сууна вэ? 
Тийм байлаа гээд хамгаалах нэгэн нь хамгаална биз, өмгөөлөх нэгэн нь өмгөөлнө биз, үр удмаа л өнгөтэй өөдтэй үлдээвэл болох нь тэр хэмээн өчүүхнээр сэтгэж, харалганаар бодох хүн танд адгуус ч бас энэ хорвоод үр төлөө үлдээдэг гэдгийг сануулчихъя. Төрөл төрлийн дээд хүмүүн төрлийг олж төрснөө, заяа заяаны дээд тэнгэр заяанд онож төрснөө өндөр их хувь гэдгийг та бүү мартаарай. Амь бүхнийг хамгаалах учиртай алтан дээд заяагаа адгуусны тавилантай зүйрлэж, нартад ховорхон олдох нандин эл заяаг үрс хойчдоо хайрлуулахаар халуун цусаа урсган байсан удмын сайхан эжий, аавуудынхаа бүлээн сэтгэл рүү нь ус цацаж, элгийг нь бүү эмтлээрэй, зүрхийг нь бүү шархлуулаарай. 
Үе үедээ нэрээ үлдээсэн, цаг цагтаа алдраа дуурсгасан хаад, хатад, жанжид, мэргэдүүд та биднийгээ зорин зориод л ирж байна. Эгэлгүй нэгэн түүхээ бичилцэхээр, энэ дэлхий эжийгээ аргадахаар, эгэл бяцхан үрсээ ч бас аврахаар хөх тэнгэрээсээ тэд бууж байна. Ялалт, амжилт бүхнээ, алдаа оноо бүгдээ дэнслэн өгүүлэхээр, суу оюунт ухаандаа суралцуулахаар, эрдэмт их мэдлэгээ өвлүүлэхээр, мартсан бүхнийг сануулахаар, гээсэн бүхнийг сэргээхээр, худал бүхнийг цайруулахаар, гүжир бүхнийг илчлэхээр бас мунхаглалаас гаргахаар, мухардлаас аврахаар ирж байна шүү, тэд миньХас төрийг түших, хатан суу ухааныг өвлүүлэх эл судар бидний буулгаж байгаа тэнгэрийн хоёр дахь их хөлгөн судар юм. Эл судрын өмнө бид “Атийл хаан” хэмээх Хүн эзэнт гүрний гурван их хаадын үнэн түүхийг өгүүлсэн хас төрийн хаан ухааны судраа хөх тэнгэрээс өлгийдөн авч та бүхэндээ өргөн барьсан билээ.
Харин энэ удаад Тэнгэр Эцгийн зарлиг дор бууж буй ахуйт төрийн оройн дээд есөн хатдын суу ухааны, билиг оюуны сан хөмрөгийн нэгээхэн хэсгийг дэлгэх эл судар хатан эжийн минь тэнгэрлэг их үйлсийнх нь нэгэн өрнөл нь болж, тэнхээт их хүслийнх нь бас нэгээхэн биелэл нь болж өндөр тэнгэрийн суут найман хатдаар хөлөглүүлэн, хөрст дэлхийн балчирхан улаачуудаар нь өртөөлүүлэн та бидний гар дээр ирлээ. Хөх тэнгэрийн хөх төрийн алтан баганыг тулж, 99 тэнгэрийнхээ доор оломлохуйн цагаан ертөнцдөө оршиж, сүлжихүйн цагаан ертөнцдөө эв эеэ дээдэлж, ард түмнээ төвшин сайханд нь гэгээрүүлж, ахуйт төрөө арга билгээр нь тэнцүүлж явсан цаха найман аялгуун оройн дээд домогт хатан эжий нарын айлдвар, сургаалийг сонордох ховорхон боломж та бидэнд тохиогоод байна 

Түмэн хурц мэлмийтэй, мянган мэргэн оюунтай, буман сайхан сэтгэлтэй хөх толбот, хөх нуруут хүн та энэхүү судраа тосон авна уу.

No photo description available.

Комментариев нет: