ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

суббота, 13 апреля 2019 г.

БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛТГАЛ



Асралт хөх их уулсаас
Амар мэндийнхээ үгийг дамнуулах гэж
Тэртээ холоос шогшин байж ирлээ дээ
Сэтгэлийг минь баясган хөглөтөл
Сэтгэлийн үзүүрээс нэгэн хөгийг
Сонорын угт барьвал сайхансан (Бид “Сайхан хангайн буга” дууг дуулж өгөв)
Сэтгэлийнхээ гүнээс сайхан хөг барьж өглөө үрс
Олон үгсийг нуршаад юу хийх вэ
Оюун бодолд нь тусч хүрэх
Ончтой хэдхэн жинтэй үгсийг хэлээд мордъё
Алтан эвэртэй
Түмэн бичигтэй
Түүхийн улбаатай
Тэргүүн заяат их буга гэдэг чинь би
Үүрийн таван жингээр
Үйл хэргээ амжин дүүргээд
Үндэстэй моддын оройгоор нисээд
Үүлэн тэнгэрийнхээ үзүүрийг шүргэж л явнам
Уудам шаргал талыг гаталж үзнэм
Ухаант өвгөдийн сургаалыг эхлүүлж суунам
Тэнгэрийн орноор түмэн хэлийг дамнуулдаг
Түнтгэр өвгөдийн үрсийн голомтод буугаад
Сайхан байнаа, сайхан байна
Төгөлдөр сэцдийн үгсийг хэлэх болсондоо
Төвшин сэтгэл минь нэгэнтээ огшин байна
Ай даа, буган заяаг дээдлэх
Буурал өвгөдийн сургаал нь
Тархи оюунд нь бичээтэй бий
Тэнгэрийн алтан орны түмэн үйлсийн учиг
Дэлхийд урлан бичигдсэний түүхэн бичээс
Тэнгэр газрыг хослуулах буурал язгууртны
Түүхийн алтан үсэгт бичээс нэгэн бий
108 эврийг хослуулж байна шүү дээ
Зургаан үйлст их тивээс
Зөрөн өнгөрч байна шүү дээ
Эцэг өвгөдийн ариун сургаалыг
Хэлмэрчилж өгөөд байна шүү дээ
Хөх тэнгэрийн одон орноос
Үрсийн мунхаглалыг хараад л байна шүү дээ
Хайсан бүхнээ олов уу та нар
Харсан бүхнээ үзэв үү та нар
Бичиг соёлын ухаанаараа мэдрэв үү та нар
Тэнгэрийн алтан язгууртан гэж
Тэвхгэр цээжээ дэлдэх атлаа
Энгүй холын ухааныг бичиглэн нуусан
Энэ л бичгийг уншсан уу та нар
Айлтгал бүхэн учгийг агуулан байна
Тэнгэр газрын алтан хэлхээний
Үнэнийг хүртэл өгүүлэн байна шүү дээ
Сайхан гаригийг дэмий өнгөрөөж
Сайхан дүрийг хөөн байх юм, та нар
Итгэл сэтгэлийнхээ чинадын угаас
Бичиг соёлын ухаанаа таних нь яасан юм бэ
Буруудсан нийгэмдээ бултаараа уналаа л гэх юм
Бичиг соёлоо таньж үзэх нь тэгвэл яасан юм бэ
Тэнгэр газартаа мөнхлөөтэй байгаа
Тодоос томруун олон бичиг тамгуудийг
Дөрвөн саяар нь үлдээж хаячихаад
Түмэн бээрийн холыг туулна гэнэ үү хө
Алтан язгууртан л гэх юм
Алтан ургийнхан л гэх юм
Тэнгэр ганцхан овог отгоор
Тэгтлээ дүүрээ юу, мунхаг толгойтнууд минь
Сар шиг толигор сэтгэлийн үзүүрт
Саруул сайхан бүхнийг бодохын эрхэнд
Салгуун холын нарны илчинд багтнам шүү дээ
Буган биерээ гайхуулан нэг өгүүлнэм шүү дээ (Цээжээ ханхалзуулан байлаа)
Ходоод гэдэс нь дүүрээд ирэхэд
Хохьмой толгой нь жижигрээд ирдэг
Хомсхон ухааныг нэгэнтээ харж дээ, та нар
Ха, ха, ха
Орой дээр нь сүндэрлэн байгаа
Олон салаа эвэр бүхэн нь
Орчлон хорвоог мэдэрч таньсан
Оломгүй их ухааны бичээс нь буй за
Ямар зүйл хаашаа харан
Яаж хэрхэн байхын учиг дор
Газарч, огторгуйч гэх
Тэнгэрийн ухааныг буулганам
Харц мэлмий оюунаар нь
Хамаг бүхнийг шинжнэм шүү дээ
Үзэж харсан гэх бүхнийхээ
Үндэс улбааг таньсан уу та нар
Бичиг соёл гэх хөндлөн бичээсээ
Хүмүүний хөндлөн заяа болгочихоод
Хэрхэн юуг өгүүлж байна даа, та нар
Амьтан гэх нэр үгийн цаана
Амь нэгэнтээ байдаг юм даа
Тэндээс ирсэн тэр л сайхан бичгийн
Учиг холбоо үнэнийг өчин байхад
Уудалж нэгэн үзэв үү та нар
Уншиж нэгэн ухаарав уу та нар
Ухаант заяандаа чи ямар угсаатны
Ямар гээч эрдмийг хураагаад байна вэ
Та бүхэн оюундаа сайхан үнэрийг үнэртэн
Түмэн бээрийн холын бичээсийг уншиж чадах
Төгөлдөр заяатан өвгөдийн үр сад атлаа
Түмэн бээрийн үнэрийг ч олж таних чадал үгүй болж
Цэцэн мэргэн үгэндээ оршиж
Цэцэгт талдаа нуугднам ш дээ
Цэлгэр уул талын бичээс байхдаа
Цэнгэг голын усыг нэгэнтээ хүртэж
Тэнгэрийн их эрдмийг эвэртээ бичих
Эвэр бичгийн их нууцыг
Би мэдэж авсан юм ш дээ
Тэнгэр газраа холбосон
Тэр л  амьтны сайхан дүрийг
Би тэргүүлэн суунам ш дээ
Алтан урагт айлдаж хэлсэн л юмсан
Хүмүүн зонд нь хөрвүүлж таних
Хэлмэрч нэгэн ухаан байхгүй нь
Мунхаглалын л их хохь юм даа
Хөндлөн заяаг дээдлэх
Хүмүүн таны бичиг юу юм вэ
Харийн гүрнээс хулгайлан авчирсан
Тэр л бичиг соёл нь хохьмой толгойд нь
Тахиж шүтсэн ч багтаж үл дийлэх
Тийм мунхагшилт үрсийг яалтай вэ
Тэнгэрийн мянга гаруй бичгийг
Тэргүүлж түрүү магнайд нь бичигдсэн
Энэ л сайхан буган бичгийн бие хааг
Эргэцүүлэн шинжиж харвал яасан юм бэ
Түмэн тамгыг учиглан биедээ нуугаад
Төгөлдөр сайхан олон дүрийг нууж оршоод
Тэр л бичгийн сургаал үгсийг айлдан байхад
Хүмүүн та хэрхэн байх, хэрхэн оршихыг чинь
Энэ л судрыг эргүүлэн уншсаны дараа
Эргэж нэгэнтээ ажиж харъя
Тэнгэрээр олон буга дүрслэгдэж
Тэнүүн сайхан бичиг соёл дэлгэрч байхад (Тэнгэрт үүлээр олон буга дүрслэгдсэн байв)
Идэж уухаа умартаж ухаарч сэрээд
Тэнгэр газрыг холбох эрхээ дээдлэх цаг ирнэм
Бичиг соёл нь тархи оюунтай холбогдном
Өөрийн нууцаас олныг тэргүүлж харуулнам
Сайхан дүрээ шагшуулан гайхуулж
Саран нарны заагийн төвд
Хөрс алтан дэлхийдээ ирлээ гэж
Хүмүүн олон үрсдээ дамнуулам за
Буган сайхан өвгөдийнх нь тэргүүнд
Төлөөлөл болж нэгэнт буугаад л
Буурал хангай, будант хөндийд чинь
Буган язгуурт заяа байдгийг сануулж байна
Сайхан гээд хайгаад яв л даа тэгээд
Сайхан олон зүйл байлаа гээд
Согоо шиг сайхан бугыг
Хаанаас олж харахыг чинь асууя би
Тэнгэрийн олон одонд чинь байх
Түмэн олон орон гэрт чинь
Тэр л бичгүүдийн амин чанар нуугддагийг
Наад хохьмой толгойдоо бичиж аваад
Өртөөлөн байж өргөн олонд дамнуул.

пятница, 12 апреля 2019 г.

МОНЫН ОНОЛ

МОНЫ ОНОЛ \сүнс ба эзэн биеийн онол\ by Мичид Гялбаа on Scribd

КҮЭН 7 БИЕ, КҮЭН 9 БОЛОВСРОЛ

Монголчууд зөвхөн эх нутагтаа, хөрс дэлхийдээ төдийгүй бидний нүдэнд харагдах болоод үл харагдах зах хязгааргүй одот орчлонийн уудамд, Хөх Мөнх Тэнгэрийн орон зайд нүүдэллэж амьдардаг нүүдэлчин ард түмэн.
Тэд олон зуун жилийн турш махан биеэрээ энэ дэлхийд тив алгассан их нүүдлүүдийг хийж, дэлхий ертөнцийг дайн байлдаан, эрдэм мэдлэгээр бүхэлд нь жаяглан залж ирснээс гадна, сүнсэн биеэрээ далд ертөнц, билгийн оршихуй, сүнсний ертөнцүүдээр нүүдэллэн оршиж, орчлон хорвоогийн болох болохгүй зүйлд нь хяналт тавьж, саар зүйлсийг нь дарж, сайн зүйлсийг нь тэтгэн дэлгэрүүлж явдаг Тэнгэрийн их засаглагч нар юм. Үүний нэгхэн жишээ нь тамгат улаач үрс дээрээ 99 тэнгэрээсээ буун ирж, эх дэлхийгээ хамгаалан, төр, нийгмийг цэгцлэн, үрс балчирсаа сурган яваа бидний өндөр өвгөд, онгод шүтээнүүд юм.
Монгол өвгөд \өвгөдийн ариун сүнсүүд\ нэг Тэнгэрээс нөгөө Тэнгэр рүү, нэг оршихуйгаас нөгөө оршихуй руу, нэг оддын аймгаас нөгөө оддын аймаг руу, нэг одон гэрээс нөгөө одон гэр рүү, нэг гаригаас нөгөө гариг руу, сүнсний нэг хэмжээстээс нөгөө хэмжээст рүү чөлөөтэй нүүдэл хийж, оршихуй ертөнцийг Тэнгэрээр нь хянаж, удирдаж, чиглүүлж байдаг эрх, үүрэгтэй. Ийм өндөр эрх мэдэлтэй, ийм гүн үүрэг хариуцлагатай учир монголчуудын боловсрол сансар огторгуйн эрчмийн орон зай руу, сүнсгэл биес рүү илүүтэй чиглэсэн байдаг. Сорхагтуни бэхи хатны "Алтан сударт" өгүүлсэнчлэн хүний бие КүЭн 7 биетэй, 9 күэн боловсролтой байна. 
КүЭн 7 биед:
          Оул бие \махан бие\
          Засаг бие
          Сэхээрэлт бие
          Орон зай бие
          Ухаан бие
          Оюун бие
          Соёл бие
КүЭн 9 боловсролд:
          Ир КүЭн боловсрол
          Эр КзЭн боловсрол
          Өрө КүЭн боловсрол
          Дөрө КүЭн боловрол
          Бэлгэ КүЭн боловсрол
          Өв КүЭн боловсрол
          Энэе КүЭн боловсрол
          Жа Аай КүЭн боловрол
          Жөн КүЭн боловсрол багтана.
Бодгал буюу махан биеийг Ир Күэн боловсролоор, эфир буюу засаг биеийг Эр Күэн, Өрө Күэн боловсролоор, үйлийн үрийн буюу сэхээрэлт биеийг Дөрө Күэн, Бэлгэ Күэн боловсролоор, астраль буюу орон зай биеийг Өв Күэн боловсролоор, менталь буюу ухаан биеийг Бэлгэ Күэн боловсролоор, атми буюу оюун биеийг Жа Аай Күэн, Энэе Күэн боловсролоор, будха буюу соёл биеийг Жөн Күэн боловсролоор тус тус сурган хүмүүнжүүлдэг.
Дөрө КүЭн боловсрол гэдэг бол аливаа зүйлийг өөрийнх нь биеэр туулуулж, нүдээр нь үзүүлж, чихээр нь сонсгож, биеэр нь үйлдүүлж сургах боловсрол байдаг. Авьяасыг нь хөгжүүлэх, ур дүйд суралцуулах арга бас энд багтана. 
Өрө КүЭн боловсролыг монголчуудад илүү их хамааралтай боловсрол гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь хамтын хариуцлагат малчин ухамсарт сургах боловсрол байдаг. Малчин хүмүүс байгалаа таньж, шинжих огторгуйч, газарзүйч эрдэмтэй байдаг учир далд ертөнцтэй харилцах чадвар, зөн совин нь сайн хөгждөг.
Бэлгэ боловсрол гэдэг бол мэдвэл зохихуйд бага наснаас нь эхлэн сургах боловсрол. Энэ цагт хүмүүс бид амьдралдаа болох, болохгүй зүйлийн хэм хэмжүүрийг зөрчсөнөөс болж үйлийн үрийн төлөөст ихээр унаж байгаа. Тэгэхээр энэ боловсрол орхигдсоны үр дагавар нь тэр юм байна. Мөн ухаан биеийг бас энэ боловсролоор сургана. Эфир биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн их засаг, мэдвэл зохихуйн эрдэм, ухаан биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн мэдвэл зохихуйн эрдмүүд дотроо ялгаатай байна.
Орон зай биеийг Өв КүЭн боловсролд буюу 7 дээд эцгийн зөнд сургадаг байжээ. Үйлийн сүнс орон зай биетэй нягт холбоотой оршдог. Үйлийн сүнсээр бид орон зай цаг хугацаагаар аялж, мэдээллийг хядбархан олж авдаг. Мөн Акашийн товчоон руу ордог. Акашийн товчооныг маш их мэдээлэл агуулсан том сервер компьютерүүдтэй зүйрлэн ойлгож болно. Тийм газрууд дэлхийд хэд хэд бий. Нэг нь л лав Монголд байдаг. Тийшээ орох эрхтэй хүн тун цөөхөн бий. 
Оюун биеийг хөгжүүлдэг Жа Аай Күэн боловсрол бол хамтын хариуцлагат Тэнгэр боловсрол юм. Тун товчхондоо бол Тэнгэр оршихуйн тухай хэр ихийг зөв сайн таньж мэднэ, тэр хэрээр оюун бие хөгжинө. Нэг ёсондоо гэрлийн эрдмийг цоо таньж мэдээд Тэнгэрийн 3 хүү төрүүлсэн Алунгоо \Эл Унь Гоо\ ээжийн гэрлийн эрдэмд суралцана гэсэн үг.
Энэе Күэн боловсрол нь Алтан дээд үнэнд ээжийнхээ үлгэр дуурайллаар үрс нь дагаж суралцах гэсэн утгатай. Жөн КүЭн боловсрол нь Чингис хааны ОгоуУл зөнд суралцахыг хэлнэ. Өөрөөр  хэлбэл Чингис их хааны минь боловсорсон амь, амьтан, мангдайг ивээн тэтгэн байдаг Наран их боловсролд суралцаж, гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм. 

ДЭЭД "БИ"-ДЭЭ

Өндөр тэнгэрийн нараар орчлонг аргадах заяатай
Өрлөг түүхийн үнэнийг тольдон буулгах зарлигтай
Эрин зууны түүхэнд гэрэлт саран болон мандсан
Эрхэмсэг хатан эжий дээд-эс таньдаа би мөргөмү
Бүүвэйн дуугаар тань би таныгаа эргэн таньж
Бүлээн зөөлөн сэтгэлд тань би элгэмсэн нялхарч
Бал бурам мэт сайхан үгсэд тань ухаажин золбоожиж
Бадамласан галын дөлд тань гэрэлтэж би өнгөлөгдлөө
Хуур эгшиглэж, хур үерлэсэн өвгөдийн хишиг дор
Хувь заяаныхаа төөрөгт эзэн нь болон би өргөгдлөө
Эжий минь ангир уураг ивлэж, энгэрт минь садрахад
Эрхсийн туяаг зүрхэндээ наадуулсаар үр нь тэнхээжлээ
Хайр гэрэлтсэн эцгийн минь царайд баярын мишээл тодорч
Хан Тэнгэр эцэг зарлигаа буулгаж эзэн биеийг минь тамгаллаа
Хатуу орчлонгийн үнэний дуучаар энэ бие минь томилогдож
Хатан заяагаа тулж, арван хоёр их ертөнцдөө би мэндэллээ
Найрын дугараатай хамт үлгэр, домгийн эзэд амиллаа
Наран, сарны гэрэл дор түүхийн цагаан мөр тодорлоо
Намтар баян өвгөдүүд одод хүлэглэн газардаж
Нартыг эзэгнэх эрин зууны босгонд эргэн мэндчилж байна
Цадиг түүхийн эгшиглэнт аялгуу цантай тэнгэрт цуурайтаж
Цахилан дүүлэх галт шувууд аянгын дуунаар сэрцгээхэд
Цал буурал тэргүүндээ шонхор дүүлүүлсэн өндөр өвгөдүүд
Цуутай алдрын оргилоос залагдан байж хөрстөд морилж байна
Цан хэнгэргийн дуунд орчлон хүртэл цочин дайвалзаж
Цалам, жолоогүй хурдлах хүлэг морьдын төвөргөөнд
Цалин мөнгөн тэнгэртээ 99 их эзэд хуран чуулалдаж
Цалигт, галигт, дуу уухайт шашдир түүхүүд зүг бүрт амилав
Нар нь наадсан тэнгэрээс солонгон бороо сувдран асгарч
Нарт ертөнц хайрын хөгд нялхарч үзэмж нэмэн мишээхэд
Саран гуа эжий бүүвэйн дуугаараа хонгор үрсээ хурайлж
Саруул орчлон уянгалаг айзамд нь үнэгчлэн зүүдэлж жаргавай.

"НҮҮДЛИЙН СОЁЛ" СУДРЫН УДИРТГАЛ

Найман цагаан үнэг чинь
Нарт их ертөнцийг бэлгэдэн буй бус уу
Найман цагаан үнэг чинь
Наашлан ойртон буй цаг бус уу
Хэдэн үр нийлж үйл хийнэ гэсэн бэ
Найман цагаан үнэг наашлан ирнэ гэдэг чинь
Найман цагаан сэтгэл наашлахын нэр
Эхийн цагаан сэтгэл эхнийх нь байхтай
Энэ цагийн найман цагаан аялгуу
Сүүн даллагат эжийд нь оршихтой
Саруул уудам нарт орлонгийн
Жаягийн өндөр хатад нь оршихтой
Дараагийнх нь энэ нартын буман үрсийн
Дэндүү цайлган сэтгэл нь оршихтой
Дэлгэр нартын арвин цагаан үйлс дэлгэрэхтэй
Дээдлэх цагийн түмэн суу ухаад нь оршихтой
Удаад нь цайлган цагаан сав шим оршихтой
Уужим хорвоогийн үнэнд нийцэх
Найман цагаан үнэгний хийх үйлс оршихтой
Будант хорвоог бүүвэйлж аргадах
Бүхий л цагаан үйлс ирсэн байгаа биз дээ
Балчир үрс та нарын багахан ухаанд
Буян гээчийг зөвхөн цагаан л байдаг гэж бодно уу
Дутуу л нэгэнтээ дэнсэлж дээ үрс минь
Сүү чинь хүртэл цагаан
Сүнс чинь ч бас цагаан
Яс чинь хүртэл цагаан
Ярьж хөөрөх инээд чинь цагаан
Судар бүхэн чинь цагаан
Суудал бүхэн чинь цагаан
Саран их эжий чинь цагаан
Сарьдаг их уулс чинь хүртэл цагаан
Сайрхан инээх үүлс бүхэн чинь цагаан
Хөлөглөн дүүлэх хүлэгс чинь цагаан
Хөрст алтан дэлхий чинь хүртэл
Хүй хэлхээндээ цагаанд нь оршихтой
Ийм л цагаан зүйлсийг агуулсан судар
Ивгээлт нартад ирж залрахтай
Хотол өргөө чинь сувдан цагаан
Хойноос ирэх дайсан чинь ч цагаан
Хөхрөн нүүдэллэх үүлс чинь ч цагаан
Хөдөө талын үнэр чинь бас цагаан
Хөрстийн цагаан үйлс бүхнийг чинь
Энэ л нартад цогцлоох судар юм шүү, үрс минь.

ТӨРИЙН 9 ХАР, 9 ЦАГААН СҮЛДИЙН УЧИР

Хар цагаан сүлд амьтай, эзэдтэй, хийх үйлстэй оршдогийг та бүхэн мэднэ байх. Харин  тэдгээрийг анх хэн, хэзээ, ямар зорилгоор бий болгосон талаар сайн мэдэхгүй байж магад. Тиймээс энэ мэдээллийг оруулж байна.
Улс гүрнүүдийн хатуу бэрх бүхнийг дарах, уулс нуруудын гай барцдыг арилгахын тулд хөх Тэнгэрээс 9 хар азаргыг Төрийн ордонд залснаар төрийн хар сүлд бүтсэн түүхтэй. Хаадын ухаан нь хар сүлдээ түшиглэж, хатдын ухаан нь цагаан сүлдээ сүншиглэж оршдог билээ. 
.
9 ХАР СҮЛД:
1. Ард олныг нь хамгаалан байг гэж Тэнгэр хааны тушаалаар тэргүүн хар сүлд буусан.
2. Хөрст алтан дэлхийг хамгаалагч хөх Монгол дайн тулаандаа ялан байг гэж Тэнгэр хааны тушаалаар удаах хар сүлд буусан.
3. Хөрст дэлхийдээ хөх Монгол тулгуур суурьтай бат байг гэж Тэнгэр Эцгийн тушаалаар гутаах хар сүлдийг буулгасан.
4. Хүж дэлхийдээ хөх монгол баатар эрсийн зориг мөнхөд дээшээ байг гэж Хаадын дээд хааны зарлиг дор 4 дэх хар сүлд буусан.
5. 5 дах хар сүлдийг хөх монголын үрс улс хилээ хамгаалан байг гэж Атийл хаан нь буулгасан.
6. Хөх монголын үйл хэрэг эрчтэй хурдан байг гэж Хурмаст эцэг 6 дах сүлдийг залан буулгасан.
7. Хөх монгол баатар эрсийн уухайн дуут дайны хүндэт туг өндөрт өргөгдөг гэж Дайчин тэнгэрийн Далай ван буулгасан.
8. Хөрст газартаа хөх монголчууд элэг бүтэн байг гэж Чингис хаан буулгасан.
9. Хөрст алтан дэлхийд хар муу зүйлс бүү ирэг гэж Чингис хааны итгэлт анд буулгасан. 
Хөрст алтан дэлхийд ийм л учгаар 9 хар сүлд ноёрхон бууж өдгөө хүржээ.
Тэнгэр баганадсан хоймор өргөөндөө ард олон нь элэг бүтэн, уул нурууд нь амар амгалан, хил хязгаар нь бүрэн бүтэн байхыг 9 цагаан сүлд нь бэлгэдэн оршдог. 
9 ЦАГААН СҮЛД:
1. Тэнгэр заяат удамт үрс энх байг гэж Тэнгэр Эжий анхны цагаан сүлдийг буулгасан.
2. Удаахыг хөрст алтан дэлхийдээ хөх Монгол нь наран ивгээлт гүрэн гэдгийг сануулах гэж Наран эжий буулгасан.
3. Хөрст дэлхийд хөх Монгол сүүн цагаан үйлсийг дүүргэн байг гэж Сүүн эжий гутаахыг залан буулгасан.
4. Дараах цагаан сүлдийг хүж дэлхийдээ хөх Монгол амар амгалан байг гэж Тэнгэрийн их хатдын оргил Алунгоо эжий буулгасан.
5. Нарт хорвоод хөх Монгол нь элэг бүтэн энх тунх оршиг гэж 5 дахь сүлдийг Хоо Марал эжий буулгасан.
6. Хорвоо дэлхийд Төрийн үйл хэрэг нь ард түмний энх амгалан байдлыг хэзээд мөнхөд өндөрт байлгаг гэж Цагаагч хатан эжий 6 дах сүлдийг буулгасан.
7. 7 дах цагаан сүлдийг хөрст  дэлхийдээ ард олон нь эрдэм ухаан төгөлдөртэй байг гэж Өүлэн эжий буулгасан.
8. Алтан дэлхийдээ хөх Монгол минь эдээр бүү дутаг, эрхээр бүү давраг гэж Саран эжий 8 дах цагаан сүлдийг буулгасан.
9. Алаг хорвоод хөх монголын үрс олон балчрууд минь, гүрэнт их Монгол минь төрөө дээдлэн байг гэж Тэнгэрийн оройн дээд хатан Тэнгэр эжий буулгасан юм.
2017 оны 6 сарын 26. 

понедельник, 8 апреля 2019 г.

БУГАН БИЧИГ


Image may contain: outdoor

АЛТАН УРГИЙНХАН
Өнө мөнхийн түүхтэй алтан ургийнхан
Өргөн эл дэлхийн хаагуур нутагладаг вэ гэж
Үрс хойчис чинь ухан байж асуувал 
Аугаа их буган бичиг хаана байна тэнд л
Алтан ургийнхан Хөх Моногоуулынхон
Амин язгуураа шүтэж оршсон юм гэж хариулаарай
Санатугай, үеийн үед санатугай
Мэдтүгэй, мэргэн их цагууд ирсэн ч мэдтүгэй
Аюутугай үрс, айх аюул ирсэн үед
Авралын дээд буган бичгээсээ аюутугай
Түйтгэр мууг дарах ухаадаас эхлээд
Төрийн цэцэн мэргэн ухаадыг айлдсан
Бүхнээс төгөлдөр буган үсгүүдийг минь
Бүлээн сэтгэлийнхээ угт хайрлан байгаарай
Тэнгэрийн зарлигаар хөрстөд заларсан
Тив дэлхийд цуутай эл бугуудыг минь
Олдошгүй ховор эрдэнэ хэмээж үеийн үед
Оройн дээддээ тахиж дээдэлж яваарай үрс минь.
"Тэнгэр заяат буган бичиг" судраас. Мүнзүк хааны айлтгал. 2016 он.

ШИНЭ УЛААЧИЙН ЦЭЭР

"ЖИНХЭНЭ УЛААЧИЙГ ХУУРАМЧ УЛААЧААС ЯЛГАХ НЬ" 
I. Идээ ундааны цээр:
1. Ангийн идээ шүүс, аль нэг малын идээ шүүсийг идэж хэрэглэж болохгүй гэсэн цээр тавигддаг. Махан бие цэвэрлэгдэхгүй, мах шүүсээр дамнасан буртаг махан биед наалддаг гэж үздэг.
2. Сархад хүртэж болохгүй. Сархдаас болж улаач сэвтэх, биед нь буртаг наалдах, сархдаар дамнан ирэх дэв бузар, сархдын хар эрчим бүхэн улаачийн махан бие дээр тогтох аюултай.
3. Чинжүүг хүнсэндээ хэрэглэхийг хориглодог. Учир нь чинжүү нь ходоод, нойр булчирхайг ихээр ажиллуулж, биеийн эрчмийг задалж, улмаар уг эрхтнийг гэмтээх аюултай байна.
4. Улайны төрлийн зүйл хүртүүлдэггүй. Цусны улаан өнгө, улаан идээ ундаанаас улаачийн махан биеийн цус амархан бохиртдог.
5. Олон төрлийн бурмыг хэрэлэхийг хорино. Улаачийн махан биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, эрчим махан биеэр жигд тархан тогтох чадвар буурах төдийгүй улаачийн яс болон цус гэмтэнэ.
6. Пепси, пиво зэрэг хөөстэй ундааг хориглодог. Хийн сүв, хий биеийг гэмтээнэ.
II. Үг хэлийн цээр:
1. Хэн нэгнийг хараан зүхэхгүй, хар муу үгсийг айлдахгүй, элдэв хар зүйлс ярьж хэлэлцэхгүй, маазарсан үг хэллэг хэрэглэхгүй, хэрүүл тэмцэл хийхгүй байхыг шаарддаг.
2. Гутаан доромжлох, “болохгүй, чадахгүй мэдэхгүй” гэх үгсийг айлдах, “ёо”-лох үг хэлэхийг хориглоно. Өвгөд хүчээ авч биежиж чадахгүй байхаас гадна эдгээр үгсээр дамнан улаачийн махан биед хар муу эрчим ихээр хуралдах, сэвтэх аюултай учир зарим үед өвгөд нь хилэгнэж, буухаа хүртэл больдог.
3. Улаач хүн ямар нэг хараалын хар муу үгсийг хэлж болдоггүй. Үгс нь өрөөл бусдад хараал, жатга болон очих аюултай.
III. Үйлдэл, хөдөлгөөний цээр:
1. Мал амьтны шүүрхий, түүхий идээ шүүсэнд гар, ам хүрч болохгүй, амьтны улаан голыг таслах үед улаач сэвтэж бузартаж болзошгүй учир ийм үйлдлйин дэргэд байх нь улаачийн дэг жаягт нийцэхгүй.
2. Улаач хүмүүн хэзээ ч бусдын хувцас хунарыг өмсөж болохгүй. Тэдгээрээр дамнан улаачид хар муу, сөрөг эрчмүүд наалдах аюултай гэж үздэг.
3. Үнэрт рашааныг /үнэртэй ус/ хорьдог. Олон төрлийн үнэрийн рашаанаар дамнан үнэрийн хар муу ирдэг учир хорьдог. Үнэрийн чөтгөр, үнэрийн хар муу зүйлс гэж бий.
4. Улаач хүмүүн цээрийн гаригт өөрийн овог отгийн бус гаднын хүмүүсийг үзэж засал хийж болохгүй. Энэ нь хүч тэнхээгээ бүрэн авч амжаагүй өвгөдийн хувьд ахдахуйц үйл хэрэг болох учир өрөөл отгийн хараал, жатга, хар муу үсэрч ирэх аюултай гэж үздэг.
5. Ан амьтны үслэг эд хэрэглэлийг олноор зүүж эдэлж болохгүй. Учир нь ан амьтны арьс үсэнд шунасан хар сүнсүүд ирж, улаачийг сэвтээх аюултай гэж үздэг бөгөөд бусад үрсийн нүдний хор тэдгээрт буух аюултай. Нүдний хорны жатга гэж айхтар зүйл байдаг.
6. Сэвлэг даахиа задгайлж болохгүй. Өвгөдийн шид хүч зулайгаар, хасан буюу титмэн хүрдээр дамнан махан биед бууж ирдэг. Гэтэл задгай сэвлэгт хар муу зүйлс амархан наалддаг тул улаачийн махан болон сүнсэн биед буй шидийг задалж, сарниаж, замхруулах аюултай.
7. Цээрийн гаригуудад үүлэн борооны ажлыг дүүргэж болохгүй гэдэг. Өвгөдийн эрчим тогтож эхэлж байгаа цэвэрлэсэн нандин биеийг сэвтээж буртаглах аюултай гэж үздэг.
8. Алт эрдэнэс, шүр сувд гэх мэт хүмүүний нүд, харааг булаах, дурыг татах эд зүйлийг хэрэглэснээр нүдний хор бууж, улмаар улаач сэвтэх аюултай.
9. Гял цал хийсэн эд хэрэглэлийг хэрэглэхээс аль болох зайлсхийхийг шаардана.
10. Өөрийн өргөө гэрээс бусад газрыг цэвэрлэх, өөрийн хувцаснаас бусад хүний хувцас хунарыг угаахгүй байвал зохино.
IV. Явах, суух газрын цээр:
1. Үдшийн харуй бүрийгээр гадуур шогшиж болохгүй. Харуй бүрийд хар муу сүнсний хөдөлгөөн хамгийн их байдаг учир үдэш орой хар муу зүйлд дайруулж сэвтэх, хар муу зүйлийн эрчимд ниргүүлэх, сөрөг эрчим наалдах аюул улаачид их тохиолддог.
3. Олон хөлийн газраар явахыг хориглодог. Олон хөлийн эрчим дунд өөрийн махан биедээ тогтож ядаж байгаа өвгөдийн сайн эрчмийг алдах аюултай.
4. Уурын өргөөнд /саунд/ очихгүй байхыг анхааруулдаг. Хормойн дэв бузар тэнд их бий.
5. Баар цэнгээний газар очихыг хориглоно. Улаачийн махан биед хар муу зүйлс үсэрч ирж, наалдах аюултай.
6. Хөдөөлүүлэх ёсон, хөдөөлгийн газарт очихыг цээрлэнэ. Учир нь тийм газруудад завсрын тэнэмэл сүнс, хар муу сүнс олон байдаг.
V. Бодлын цээр:
1. Үүнд хар муу зүйлс бодохгүй байх,
2. Гомдон гутран тунихгүй байх,
3. Өс хонзон санахгүй байх,
4. Хатуу зүйлсийн талаар бодохгүй байх зэргийг хэлнэ. Улаач хүмүүний бодол өвгөдийн бодолтой холбогдсон байдаг учир бодлоор нь дамнан хар муу зүйлс улаачид, эсвэл улаачаас өрөөл бусдад шүглэх аюултай.
Номтын тэнгэрийн Дэмчийн өргөөний "Алтан гурвалжин" судраас.

воскресенье, 7 апреля 2019 г.

САВ ШИМ ЕРТӨНЦ


nature зурган илэрцүүд
АМЬ, АМЬТАН, МАНГДАЙ, НАРАН, САРАН, СҮҮН ЭХИЙН ОРОН

ӨВ СОЁЛ, ЗАН ЗАНШИЛ


ТЭНГЭРИЙН СУДРУУД


ВИДЕО БИЧЛЭГҮҮД

Энэ хэсэгт бид Мөнх Хөх Тэнгэрийн өндөр өвгөдийн айлдвар, айлтгал, сургаал, зарлигуудын бичлэгийг оруулж байгаа юм. Та бүхэн өвгөд дээсийнхээ ухаант мэргэн үгсийг сонсоод маш их ухаарлыг авч, зүрх сэтгэлдээ нэгийг таньж, оюун бодолдоо хоёрыг тунгаана гэдэгт итгэж байна.

ХӨХ ТЭНГЭРИЙН УЛААЧ

Орчлон хорвоо дэлхий дээр “БӨӨ” гэдэг оршихуйн орон зай эрт цагаас бүрэлдэн бий болсон. Бөө гэдгийг хүмүүс дан ганц хэц барьсан улаачаар төсөөлөн дүгнэдэг. Бөө хэмээх зүйл нь Тэнгэрийн нэгэн цол, хэргэм юм. Бөө хүмүүний сурах ёстой эрдэм гэж бий, учиглан, жаяглах эрдэм ч гэж бас бий. Бөө хүмүүний дүүргэх ёстой үйлс олон бий. Түүний нэг нь бөө хүмүүний эрдэм ухааныг дүүргэх үйл хэрэг юм. Одот тэнгэрийн ертөнцийг таньж мэдсэн, цоо гэгээрсэн хүмүүнийг л “бөө хүмүүн” гэдэг. Уураг тархиараа тэнгэртэй холбогдож, тэнгэрийн эрдэм мэдлэг дунд хөтлөгдөн байх хүмүүнийг бөө гэдэг билээ. 
Номтын тэнгэрийн Дэмчийн өргөө

ХОВС БА ТАНИН МЭДЭХҮЙ


Хөгжил дэвшлийн шинэ эрин зуунд амьдарч байгаа оюун ухаант хүн танд Тэнгэрийн тухай зөв ойлголтыг өгөхийн тулд аргын болоод билгийн ертөнц, хүмүүний болоод сүнсний ертөнцийн орчил, хөгжлийн зүй тогтол, мөн чанарыг таниулахаар энэ хуудсыг нээж байна.

Мэргэн хүн та таалан соёрхоно уу.