ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

АТИЙЛ ХААНЫ ЭЦГИЙН АЙЛТГАЛ

ХҮН ГҮРНИЙ МҮНЗҮК ХААН
Хөх Мөнх Тэнгэрийн ташуур Атийл хааны эцэг Хүн гүрний хаан Мүнзүк би хаан дүрээрээ хааныхаа айлтгалыг энэ хөрстөд заларснаасаа хойш гурав дахь удаагаа буулгах гэж байна. Энэ л айлтгалыг минь өнөө цагийн үрс бүхэн нэг тунгаавал зохилтой.
Хөрстийн үрстэйгээ золгоод гурвантаа хаврыг үзлээ. Гал улаан агтаа унаад гурвантаа гаригийг үдлээ. Эзэн биеэрээ энэ нартад эргэн нэгэнтээ буулаа. Үрс балчруудаасаа харсан зүйлс олон байна. Үрс балчруудаасаа сурч мэдсэн зүйлс арвинтай байна.
Даах даахгүй чулуудыг өөртөө хурааж, өнөө цагийн даварсан үрсийн задарсан хэмийг оньсолж биш айлдаж нэгэнтээ шивнэе. Зандарч биш захирч биш айлдаж нэгэнтээ буулгая. Өвгөн би хаан ширээндээ суугаад өөрийн хоёр хүүгээ (Хүн гүрний Атийл хаан, Бледа хаан нарыг хэлж байна) хаан ширээндээ үлдээгээд хан хорвоогоосоо мордсон түүхтэй. Өнөө цагийн онгод дүрээрээ анхалж нэгэнтээ бууж байна. Эдэлж хэрэглэх, эрхэмд тавих эрх ямбаа гээгээд энэ нартад онгод дүрээрээ бууж байна. Мөнх тэнгэртээ гараад хөрст алтан дэлхийдээ буугаад гурвантаа хаврыг үзлээ.
Өргөө гэртээ хов жив таслахгүй хатад олонтой болж. Өргөө гэртээ хатантайгаа дайн зарлах хаадууд олонтой байх юм. Өргөө гэрийнхээ хаан нь болоод суусан балчрууд их байх юм. Өнөө нартын өрх бүрт юу тохиолдох нь энэ вэ? Өвчин зовлонгоор өөрийгөө хучсан үрс өргөө гэртээ багширч суугаад арвин их хов жив, хэрүүл уруулыг өрнүүлэх юм. Юу мэдэж байна вэ? Юуг сурч байна вэ?
Хаана байна вэ миний хаадууддаа үлдээгээд мордсон, үрсдээ захиад үлдээсэн сургаал үгс? Түүхийн нугачаанд түмэн олон гаригуудын хаана нь гээгдээв? Мах цус, оюун биед нь шингээгээд үлдээсэн өв соёл ээдрээт түүхийн хаана нь арчигдан алга болов? Цусаа харийнханд өргөхгүй гэх хатуу учиг өнөө цагт хаана гээгдэв?
Эмсийн ариун ухаан төрийг түшилцэж, хаадын ариун бодол төрөө залдаг юм. Тэр цаг үе улираад одох, хагдраад унах цэцэгс адил гандаад нэгэн үгүй болж. Халуун, нялуун, шулуун дайныг үзсэн ард түмэн шударга зангаа хаана гээгээв? Хаадаа түшиглэх төр хаана ойчив?
Хатдаа өмөөрөн зогсох, хамгаалаад босох дайчид эмсийн дүрд хувирч, юунд энэ нартад оршино вэ? Эрх танхил гээд эрдмийг биш эрхийг залах үрс, нялх балчир гээд оюуныг нь биш зулайг нь илэх үрс олон байх юм. Ард олон, ахуйт төр, төрт ухаан, төвшин соёл, босоо орших хүмүүн заяа хаана гундав? Өвгөн би харж мэдсэнгүй. Өвгөн би таньж мэдсэнгүй. Эртний хаадын улбаа эмсийн дүрд хувирч, бяр чадал тэнхээгээ уландаа гишгэж, байшин хэмээх өргөөнд тухалж, сүмбэн цагаан хуруундаа гоо дүрийг буулгаж, халуунд халж хүйтэнд хөрөх махан биеийнхээ чийрэг байдлыг улам л гээх юм.
Чинэрсэн хөхөө амирлуулах үрсдээ юуг сургаж байна вэ? Ирсэн үрс бүхнээс, уулзаж золгосон үрс бүхнээс үйлс хэргийг нь сонордлоо, мэдлээ, мэдэрлээ. Өвгөн би, хаан би юу гэж дүгнэсэн гэж санана вэ? Өвчин гээчийг ам нээх бүрдээ айлдаж, өр хэмээхийг оюун бодол, тархиа чөлөөлөх бүрийдээ санах юм. Эх дэлхийн ариун байдлыг хадгалаад үлдэх Хөх зүрхний Хөх үрс Мунхаг оюун, Мунхаг үйлдэл, Мунхаг үгс гэсэн гуравхан зүйлэнд л дарагдаж байх юм.
Оюунгүй хүмүүн төрд гарах чадалтай болж өнөө цагт.
Эрдэмгүй хүмүүн өрх гэрээ аваад явдаг болж.
Уран, шаглаа үгсгүй хатад өргөө гэрийн хаан нь болоод явж байх юм. Ноён заяаг дорд үзэж, хатан заяаг эрх ямбаны оройд тавьж, хаант засаглалт төрт улсыг юу болгож орхих нь энэ вэ? Уулзсан үрс бүхэндээ гурван үгийг хэлэхэд гучин гариг өнгөрсөн ч тунгаахгүй нь олонтой. Учирсан үр бүхэндээ гурамсан холбоот үйлсийг таниулах гэж хичээсээр гурван хавар өнгөрлөө. Мэдэрсэн үрс цөөхөнтэй, мэргэд түшмэд багатай. Оюундаа юуг тунгааж байгаа бол?
Хэлсэн өгсөн үүрэг даалгавар бүрийг авиалбар хэмээх махан биедээ сөрөг эрчмийг татах эдэндээ л найдах юм. Тархитай үрс гээд тэнгэрт дуулгахад хэцүү, авиалбартай үрс гээд хэлэхэд хялбархан болж. Хорт авдраасаа, дүрст авдраасаа (компьютер) хором ч салахгүй, махан бие нь өөхөндөө хучигдаж, өвчиндөө ороогдож, зовлондоо шаналж, өрөндөө дарагдаж, үйлсдээ түүртэх юм.
Өнөө цагийн хэлтэй, амтай бүхэн тансаг сайхны дээдийг айлдахаа больж, оюунтай бүхэн үгсийг тунгаахаа мартаж, эдтэй бүхнийг амьтай гэдгийг умартаж, энэ нартдаа орших юм. Даашгүй, давшгүй, чадашгүй үйлс бүхнийг өөр дээрээ хураачихаад Тэнгэрийг муулах үрс ч ихсэх юм. Эрх ямба, эд хөрөнгө, эдлэл зүүсгэл бүхнээр нэгнээ дүгнэх болж. Хээрийн чулуугаар өөрийгөө гоёсон хаан хүртэл байсан юм, хээрийн өвсөөр хуяг хийгээд нөмөрсөн хатан хүртэл байдаг юм. Оюунаа мэдэхгүй, орой дээрхээ танихгүй, орчлон хорвоогоо ч харж чадахгүй хэрнээ нэг нь нөгөөгөө дүгнэх л юм. Нийхэмээрээ тогтож оршиход хэцүү л болж.
Өөрийн хийсэн бурууг өрөөлөөс хайх юм, өөрийн хийсэн алдааг өрөөлдөө нялзаах гэж үзэх юм. Хөрст доороос чинь Эрлэгүүд дэнсэлж, хөх Тэнгэрээс чинь өвгөд бид харж, удам угсааны өвгөд үрс бүхнээ тойрон хамгаалдаг гэдгийг сана.
Хаан хүмүүний гурван эдгүй, Хатан хүмүүний таван ухаангүй байж, Хөх Тэнгэр, Хөх Тэнгэр гэж гуагчих хэрээдүүд л олонтой болж дээ. Хээрийн нэгэн амьтан хүртэл өөрийн явах замаа харах, өөрийн хийх үйлдэл бүрээ тунгаах тархитай байдаг юм шүү. Хэлж байгаа үгс нь мэдэгдэхгүй, хийж байгаа үйлдэл нь тодрохгүй, мэдсэн сурснаа ялгаж дийлэхгүй, мэдээлэл гээчээ тойрон эргэлдэж, толгойгоо дэмий л гашилгах юм.
Мэдээлэл бүрээ цуглуулсан бол эрдэм мэдлэг оюунаа бий болгоод өөрөө нэг хөдөлбөл яасан юм бэ? Өөрөө нэгийг ч бүтээж чадахгүй атлаа нэгийг хийх гэж оролдож байгаа нэгнээ үгсийн муугаар дуудах учиг юунд байна вэ?
Хаан би хөрстөд буугаад хатуу, ширүүн олон үйлсийг харлаа. Хараал, жатга бүхнийг үзэж харлаа. Өс санахын учгаар үр удам үгүй болох нь, өс санахын эрхээр Хөх Монголыг устгах нь. Юу болж байна вэ цаана чинь, юу хийгдэж байна вэ наана чинь, юу бүрэн болж, ямар зүйлс салж бутарч байгааг харах тэнхээ байна уу? Өнөө цагийн үрсүүдээ! 
Тэнгэрийн ухааныг хөрстөд буулгасан ТЭРГҮҮН НАЙМАН СУДАР хөрстөд мэндэлсэн бий. Түмэн олныг таньж мэдэх үрс арвин байна. Өөрсдийн оюун бодолдоо автаж, тэргүүн энэ л СУДРУУДЫГ минь уландаа тавих мунхаг үрс ч их байна.
СУУ УХААН ҮГҮЙГЭЭР ТӨРИЙН ЖОЛООГ ЯАЖ АТГАХ ЮМ БЭ?
СУУ МЭДЛЭГ ҮГҮЙГЭЭР ӨНӨӨ НАРТАД ХҮМҮҮН ЯАЖ ОРШИХ ЮМ БЭ?
Ихийг мэдэж, олныг танихыг хүсвэл өөрийгөө болоод орой дээрх зүйлсээ тань! Яаж суухаа ч мэдэхгүй яажийж унах үрс олон болж, яаж идэхээ мэдэхгүй ёолон дуудаж өвчнийг өөртөө хураах үрс ихтэй болжээ.
Улс гүрнээ өмөөрөөд босох Хөх Монгол Иргүний зүрх хаачив? Өвгөн би энэ нартын чулуу бүрээс, ширхэг шороо бүрээс нэхэн асууя. Улсаа өмөөрөн босох ухаан мэдлэгийг үр бүхнээс асууя. Юу гэж хариулах бол? Элдэв янзын шувууд энд тэндгүй дуугарч, мөрөн гол уул ус нь хөг аялгуугаа эгшиглүүлж, талын салхи хүртэл удаан оршихыг хүсэх хээр тал хөндий нутаг хөрс шороон дээр минь юуг сүндэрлүүлчихэв? Юуг хураагаад цуглуулаад эвлүүлээд байгаа юм бэ? Дээшээ хараад удмаа мэдэхгүй, доошоо хараад ирээдүйгээ тольдож дийлэхгүй юм. Долоон үеэ мэдэх дархан ухаантай Хөх Монголын үрс хаана хүрэв? Илд бамбай, зэр зэвсгээ бариад дайн тулаандаа ордог эрэмгий баатар эрсээ энэ нартын үр бүхнээс нэхье.
Уулын орой дээрээ байгаа шувуу уулаа танин эргэлддэг юм шүү! Байрнаасаа хөдөлсөн чулуу өөрийн орон зайгаа мэдэрч л хөдөлдөг юм. Өөрийн махан бие, сүнсэн биеэ ч мэдэхгүй, өвс өгсөн, өөх өгсөн хоёрыг ч ялгахгүй энэ ухаан бодол хэзээ алга болох бол? Яаж хэрхэн Хөх Монгол Ухаан хөрстөд цогцлох бол?
БӨӨ хэмээх алдар нэрийг тэргүүнээсээ дорд үзсэн хүмүүн танд хэлье. Тэнгэрээс буух өвгөдийг өөрөөсөө багад тооцсон үрсэд хэлье. Дээшээ хар. Тэнгэр байна уу? Тэнгэрт өвгөд хэрхэн яаж суудаг юм бэ? Тэнгэрт хаан би хаана нь сууж байна вэ? Мэдэж чадах нь уу? БӨӨГ дорд үзэгсэд өөрсдөө БӨӨ болох гэж хичээж буйгаа мэдэж байна уу? БӨӨ ЗӨН, БӨХ ЗӨН юуг өгүүлэн оршдог юм бэ? БӨӨ хэмээхийг өөрөөсөө дорд үзэж байгаа бол Тэнгэр ухааныг өлмийдөө гишгэж буйтай адил гэдгээ тунгаагаарай. Тэнгэрийн үйлэнд хил зааг тогтоодог, тэнгэрийн үйлэнд дэс дараа, эрх мэдэл, суудал заадаг үрс бүхэнд хэлье.
Тэнгэр яаж оршдог юм бэ, тэгвэл? Тэнгэрээс унаагүй мэт, хөрстөөс бий болоогүй мэт тэрслүүт нэгэн аашлахаа боливол яасан юм бэ? Тэнгэрээс буух ухаан бүхэн хөрстийн үрсэд эрдэм мэдлэг заахдаа ялгавартай ханддаг болоо юу? Тэнгэрээс буух Өвгөд, Сахиус, Онгод, Шүтээн, оюун мэдлэг, тархи бүхэн үрсээ ялгаж хуваадаг болсон юм уу? Тэнгэр хэдэн хэсэгт хуваагдаж, Тэнгэрт түмэн зааг гарч, зааг бүрийн цаанаас Нар гардаг болоо юу?
Өвгөн би нэхэн асууя. Ний-хэмийг цогцлоон барихын тулд Ухаан бүхэндээ суурилж байж, Эрдэм бүхнээрээ дөрөөлж байж, үйлсээ дүүргэдэг юм. Ханын толгойдоо байгаа эд бүхнээ мэдэхгүй, ханат өргөө гэрт нь зочлоод ирэх өвгөдөө танихгүй, өөрийн махан биеэ ч мэдэхгүй атлаа тэнгэрийн дэс дараа бүхнийг юунд заана вэ?Тэнгэрийн үйл хэргийг юунд захирах гэнэ вэ?!
Чиглэх зүг нэгтэй, чандлан нууцлах үйлс арвинтай энэ огторгуй ертөнц ГАНЦ гэдгийг сана! Тэнгэрт нэг л НАР байж, Тэнгэр өөрөө оршин тогтнохын цагт ХӨХ МОНГОЛ бас өөрөө оршин тогтоно.
Хүмүүнийг алах орь ганц хялбар арга бий. Тэр юу вэ үрс? Та нар нялуун дайныг мэдээгүй л байна даа. Хүмүүнийг алах хамгийн амархан арга бол МАГТААЛ. Өөд нь, дээш нь тавиад, орой дээрээ тахин шүт. “Алтан судар” (Сорхагтуни бэхи хатны Алтан Дээд Үнэний Аялгуут судрууд) дээр нь ч бий байх. Хээрийн чулуу хээрийн чулуундаа л хатуу байдаг юм.
Хийсэн бүхэндээ ЭЗЭН байж, хэлсэн бүхэндээ НОЁН бай.
Тунгаасан бүхэндээ ЦЭЦЭН байж, мэдэрсэн бүхэндээ ИТГЭЛТЭЙ бай.
ЗӨН, ЗҮРХ, СЭТГЭЛ ГУРВАА СОНС
ХӨЛӨӨРӨӨ БУС ТАРХИАРАА БОД
ГАРТАА БУС ОЮУНДАА ТУНГАА.
Мөнх Хөх Тэнгэрээсээ онгод дүрдээ хувилж,
Орчлон хорвоо дээр үйлсээ дүүргэсэн
Ерэн есөн тэнгэрийн хэлмэрч МУНЗУК ХААН би
Айлдвар айлтгалаа ард олондоо түгээе дээ
Сонордсон бүхнээсээ сурч
Сурсан бүхнээсээ гарцаа олж
Нүүдэлчин их ухаанаараа
ХӨХ МОНГОЛОО бадраа үрс
Илдээ далайсан бол буцааж буулгадаггүй юм
Халуун, хүйтэн, нялуун, шулуун дайныг
Ухаанаараа даван гарах
ХӨХ МОНГОЛЫН ҮРС бүхэндээ хүргэе.
2017 оны 3-р сарын 14.

Комментариев нет: