ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

ОРЧЛОНГИЙН ЧИНАД НУУЦЫН ТАЙЛАЛ

                                                            ӨМНӨХ ҮГ
Дэлхийд гайхагдсан Монгол суу ухааны яндашгүй арвин сан хөмрөгөас эрдэмт хүн таны мэргэн оюунд чимхийн төдий мэдлэг, дуслын төдий ухаан хайрлахаар “ОРЧЛОНГИЙН ЧИНАД НУУЦЫН ТАЙЛАЛ” нэртэй одот орчлон, наран саран, эх дэлхий, эгэл хүмүүний хоорондын амин хүйн холбооны учиг бүхнийг, сав шим их ертөнцийн хүрдэн хос хэлхээний нууц бүхнийг дэлгэн буй эл судраа бид Тэнгэр Эцгийн зарлиг дор Номтын тэнгэрээс буулгаж та бүхэнд толилуулж байна. 
Энэ судар нь гурван хэсгээс бүрдэж байгаа бөгөөд эхний хэсэгт өнөөгийн шинжлэх ухааны (аргын) эрдэмтэд, судлаачдын тайлж дийлэхгүй байгаа, тайлахыг хүсч байгаа сансар огторгуй, гариг эрхэс, орчлон ертөнц, эх дэлхийн үүсэл, хөгжил, хувьслын үнэн учиг, мөн чанар, гарал үүслийн тухай, хоёр дахь хэсэгт сав шим ертөнцийн хүрдэн их холбоо нь эх дэлхийн хөрсөн дээрх уул ус, ургамал мод, ургаа хадтай, хэвлий дэх алт эрдэнэс, үнэт металл, нефть уран, эрдэс баялгийн судал, сувгуудтай, нар, сар, одот орчлонгийн эрчмийн их сүлжээтэй хэрхэн холбогдож, энэ дэлхийн амьтай бүхнийг тэтгэж, ургуулан төлжүүлж, мөнхийн оршихуйг яаж энхэд цогцлоодог тухай, төгсгөлийн хэсэгт хэдэн зуун мянган жилийн турш хүн төрөлхтний үүсэл хөгжил, сүйрэл мөхлийн жам ёс, зүй тогтлыг харуулан байгаа эртний улс гүрнүүдийн соёлын үнэт өвүүд, цаг цагийн уртад янз бүрийн оньсого, таавар дагуулан өдгөө хүртэл оршин байгаа учир битүүлэг аварга том байгууламжууд, түмэн нууцыг хадгалах түүх дурсгалын гайхамшигт олдворууд, үе үеийн түүхчид, эрдэмтэд, үнэний эрэлчдийн гайхширлыг төрүүлж, сонирхлыг татаж ирсэн хүчирхэг соёл иргэншлүүдийн, сүрлэг хот суурингуудын, өргөн уудам эх газруудын сүйрэл мөхлийн учир шалтгаан, уг сурвалжийн тухай өгүүлсэн ба энэ бүхнийг номтын тэнгэрийн өндөр өвгөдүүд энэ нартад өөрсдийн “биеэр” морилон ирж, энэ цагийн аргын ухааны өргөн их мэдлэгийг өөрсдийн билэг суу ухааны мянган их оньсоороо дэлгэрүүлэн байж та бидэнд тайлж өгсөн юм шүү.
Бидний аав ээжүүд, өвөө эмээ нар, өндөр өвгөдүүд хорвоо ертөнцийн бүхий л зүйлс мөнхийн амьтай хэмээж, өглөө бүр нарандаа залбирч, үдэш бүр сарандаа, одот тэнгэртээ мөргөж, хангай дэлхийдээ цай сүүнийхээ дээжийг өргөн үр хүүхэд, амь амьдрал, ахуйт төрөө хүртэл даатгадаг байсан нь өнөөгийн бидний ойлгодог шиг мухар сүсгийн төөрөгдөл, мунхаг харанхуйн илрэл огтхон ч биш харин ч орчлонгийн оршихуйн жам, жаяг зүй, чин үнэнийг ухаж таньсан, гариг эрхэс, эх дэлхий, эгэл хүмүүний амин хүйн холбоогоо аргадан бөхөлж, нандигнан дээдэлж явсан арвин баялаг суу ухаантай, гүн гүнзгий, төгс төгөлдөр мэдлэгтэй цэцэн мэргэн ард түмэн байсныг харуулах нэгээхэн тольт нь юм шүү.
Өдгөө сүнс, онгод, өвгөдүүд байдгийг мэддэг нь мэддэггүйгээсээ олон болсон сайхан цаг. Сүнс бол эрчим гэдгийг нийтээрээ бараг хүлээн зөвшөөрчихсөн сайхан үе. Эрчим (энерги) шинээр бий болдоггүй, бас устаж үгүй болдоггүй, харин нэгээс нөгөөд хувьсан шилжих замаар мөнх оршдогийг энэ цагийн аргын шинжлэх ухааны номтой мэргэдүүд нь батлаад удаж байгаа оюунлаг эринд бид амьдарч байна. Тиймээс тэнгэрээс буусан судар шүү гэхээр “тийм юм гэж хаана байсан юм бэ” гээд эвэртэй туулай үзсэн мэт гайхаж, худал хуурмаг гэж үгүйсгэх хүмүүс цөөхөн байх буй за гэж найдна. 
Монголчууд та бид өнгөрсөн үеийн түүхээ сайн мэддэг байсан бол, өөрсдийн өвөг дээдсүүдийн хүчирхэг байсны нууцыг олж мэдэж, ухаж таньсан бол, гадныхан Монголын эзэнт гүрнүүдийн тэнгэрлэг үнэн түүхийг мушгин гуйвуулж, гүтгэн гүжирдэж, устган үгүй хийгээгүй бол, цагааныг хар, сайныг саар болгосон харийнхны санаатай санаандгүй “суртал ухуулга” - аар бид ”тархиа угаалгаж” яваагүй бол тэнгэрээсээ, байгаль дэлхийгээсээ тэгтлээ холдож, яс цусны өндөр өвгөдүүдийнхээ ухаан мэдлэг, хүч чадлыг ингэтлээ умартахгүй л байсан болов уу. 
Эрчим хадгалагдах хуулийн дагуу та бидний их өвгөдийн сүнс энэ дэлхийд махан биеэ үдэхийн цагт Мөнх хөх тэнгэр, 99 тэнгэртээ гарч, орчлон ертөнцийн амин ганц сүнс нь, цөм нь болох алагхан дэлхийгээ алсын алсаас хайрлан хамгаалж, хар муу эрчим бүхнээс, гай бүхнээс өмгөөлөн суудаг билээ. Эргэх цагийн уртад энэ дэлхийд арга билгийн тэнцвэр алдагдаж, амин их чанар бөхөж, амьтай бүхэн сөнөх аюул нүүрлэхийн цагт, энэ л өндөр өвгөдүүд галавт эринийг зогсоохоор, гай түйтгэр бүхнийг дарахаар нартын хөх толбот, хөх тамгат үрсүүддээ эрчим биеэрээ (сүнсээрээ) бууж, мянга мянган жилийн амьдрал тэмцлээрээ олж авсан, таньж ухаарсан эрдэм чадал, мэдлэг оюун бүхнээ судар болгон түгээж, хүн төрөлхтнийг гэгээрүүлж, орчлон ертөнцийн оршихуйн үнэнийг зөв таньж чадаагүйн хар гайгаар эх дэлхийгээ, одот орчлонгоо устгахыг завдан байгаа үрс биднийгээ арга, билгийн адил тэнцүү ухаанд суралцуулахаар өндөр тэнгэрээсээ бууж өргөн дэлхийдээ залардаг жаягтай билээ. 
Ийм л нэгэн жаягийн доор нэгдсэн монголчууд эрин эриндээ эргэн эргэн хүчирхэгжиж, энэ дэлхийн хүмүүн төрөлхтнийг суу ухааны мэдлэг дор арга билгээр нэгдүүлж, эв эеийн тэнгэр дор энх амгаланд мөнх орших үнэний ухаанд суралцуулж, гэгээрлийн үрийг тарьдаг соёлын эх өлгий - эзэнт их гүрнүүдийнхээ гэгээн түүх бүхнийг давтаж, дэлхийг, ертөнцийг жаяглан явсан учир л тэнгэр заяатай ард түмэн гэж өргөмжлөгдөн явсан юм шүү. Энэ цагт номтын тэнгэрийн өндөр өвгөд өмнөх их цагууддаа хийж явсан эрдэм мэдлэгээрээ ард олныг гэгээрүүлэх, сүнсний мөнхийн амьдралыг үнэнийг таниулах, нар, сар, од эрхсээс эхлээд, алт мөнгө, алгын чинээ чулуу хүртэл, хумхын тоос хүртэл яг л бидний энэ махан биеийн эс шиг, эд шиг, эрхтэн шиг хайраар тэтгэгддэг халуун амьтайг бидэнд ухааруулахаар эл судруудаа ийн буулгаж байгаа бөгөөд харин хэлээд байхад ухаарч дэлхийгээ хайрлахгүй сөнөөхийг завдах аваас Тэнгэр эцэг, өндөр өвгөдүүд дэлхий эжийгээ өрсөн аврахаар галт уулсаа дэлбэлж, далай тэнгисээ цалгиулж, аянга цахилгаанаар ниргэж, галавт эринийг эхлүүлдгийг л та бидэнд ойлгуулж, ухааруулахыг хүсч байна. 
Монгол өвөг дээдсийн минь арвин баян суу мэдлэгийн охь дээжээс тэнгэрийн хишиг болон бууж ирсэн “Атила хаан”, “Төрийн домогт есөн суу хатад” судруудын араас бууж буй сав шим ертөнцийн танин мэдэхүйн эл хөлгөн судар мэргэн уншигч таны мэлмийг хурцалж, сонорыг мялааж, оюуныг түгээж, гэгээрлийн их үйлсэд дэм болно гэдэгт бид итгэж байна.

No photo description available.

Комментариев нет: