Уулын энгэр бэл, хормойд байгаа УДГАН МОД гэгдсэн ганцалж ургасан тэнгэрийн хүндэт модыг хадаг самбайгаараа байнга л уях юм. Хамаг байдгаар нь хүлээд тавьчих юм. Үрс та бүхэн ганцхан үртэй байлаа гэж тунгаая. Нуган үртэй байлаа. Тэгтэл үрс та бүхэн тэр үрээ хадаг самбай яндраараа хүлээд тавиад суулгадаггүй биз дээ? Хөх Монголын УХАМСАР ийм л болсон байна.
ЭРТЭЙ БЯРТАЙ ДАЙЧИД НЬ ХҮРТЭЛ ХИЙМОРИО СЭРГЭЭЖ БАЙНА ГЭЭД ХАДАГ САМБАЙГ ХАНГАЙДАА ӨРГӨН, МОДОНДОО ХҮЛЭН, ОВООН ДЭЭРЭЭ ХҮРТЭЛ ТАВИХ ЮМ.
Самбайг төрийн хүндэт өвгөд, төрийн их эрх мэдэлтэй үйл хэрэгтнүүд, язгууртнууд хадаг яндрынхаа хариу дэнсийг нь өргөн хариулж байж, эдэлж хэрэглэдэг юм. Гурван хавар үзээгүй үр хүртэл хадаг самбай, яндраар оролдож байна. Өнөөх хадаг самбайд нь Хөх Монголын бичиг байна уу гэхнээ байхгүй байх юм. Үе удам дамжин уламжлагдсан хадаг самбай юу гэхээр биш байх юм.
Байгаль ээжээ хайрлалгүй энэ эдүүдийг энд тэнд хүлж тавьсан, хүлсэн уул усандаа энэ эдүүдийг өргүүлсэн, өргөсөн гол мөрөндөө өнөөх шавар бумбыг хүртэл хийж буй үрсийг ИХ ЗАСАГ хуулиар гурван удмаар нь, ухаан мэдлэгийг нь тэлэх үйл хэргээр оюун бодол, махан биед нь таниултал ШИЙТГЭХСҮГЭЙ гэж өвгөн би ЗАРЛИГ-аа буулгаж байна.
Хадаг самбайг уяж болно, энд тэндгүй л уясан байна. Түүнийхээ харин хариу нэхлийг л даах чадвартай байж байж өргө. Байгаль ээжтэйгээ ингэж харьцаж болдог юм уу? Лус дотор энэ шавар эд байгаад яах юм бэ? Лусын эзэн үүгээр хооллох уу? Лусын эзний эрчимд энэ эдийн эрчим дутагдах уу? Лусын нэхэлтэй, лусад өргөл өргөх гэж байгаа бол өвдөг дээрээ сөхөрч байгаад хоёр алгаа дээш нь олигтойхон шиг өргөөд гурвантаа хөгийг /дууг/ сэтгэлээсээ өргөхөд болохгүй нь юу байна. Лусын эзэнд өргөл өргөх гэж байгаа бол лусын урсгал усан дотор бус лусаас 30 тохой, 70 тохой зайд өргөж байх хэрэгтэй.
Модонд хадагнаас гадна юу, юу хүлээтэй байгааг үрс харав уу? Хүлж баглаад боосон эдийнх нь үнэр танар ямар байна вэ? Хүлж баглаад, боогоод тавьчихсан эдийн дотор ямар амьтад байна вэ? Үүнийг хийсэн эзэд нь тэгэхээр ямар байх вэ, үйлс нь ямар байх бол.
Модонд эмэгтэй хүний дотуур өмсгөл, шархны идээ бээртэй сиймгэр самбай нь хүртэл байх юм. Энэ Хөх Монгол үрс мөн үү? Эм хүний цустай эд нь хүртэл байна. Элэг эмтэрмээр гэхэд хэтэрхий эмтэрч үйрмээр байна. Хөх Монгол сүйрч, Хөх Монголын байгаль мөхжээ хэмээвэл хадаг, уяа, утас, үрсийн өмсөж, зүүж буй эд хэрэглэлээр л дүүрч алга болсон байх вий!
Зарим үрс нь өнөөх хүзүүндээ зүүдэг явуу, хув, улаан утас, бурхны дүрээ хүртэл модондоо аваачаад уячихсан байгааг үрс нэг тунгаана биз. Хөх Монгол ээж, Хөх Монголын байгаль ээж хэрхэн уйлж байгааг үрс өөрсдийн биеэрээ үзлээ. Үрсээр яагаад лусын ай савыг цэвэрлүүлсний учир энэ.
Өвгөн би үрс та бүхэнд лус, гол мөрөн ээжийнхээ төлөө бөөл, үйлээ дүүргэ, ийм ч хараал жатга байна, ийм ч эд байна гэж хэлэхийн оронд та нар өөрсдөө яваад үзсэн нь илүү ухааралтай юм. Одоо тунгаав уу.
Гол мөрнөө цэвэрлэж байхдаа юу, юу гарч ирснийг үрс ард олондоо хэлнэ биз. Гурван голын ай саваа цэвэрлэх үйлс нь нэгэн голыг сэтгэл зүрхнээсээ цэвэрлэснээр тооцогдож чадсаныг үрсдээ дамнуулъя. Энэ хөндийд цугларсан бүх үрсийг хөдөлгөж бол дийлэхгүй, гэхдээ олон үрсийг хөдөлгөнөө гэж өвгөн би үрс та нартаа хэлж байсан.
Тэр гаригт гурван голын ай савыг олон үрс цэвэрлэсэн. Үрс түүнийг мэдэж буй. Одоо үрс гол мөрний ай савд ямар эдүүдийг хийж болохгүй, ямар эдүүдийг орхин гээж болохгүй, уулын модондоо ямар эдүүдийг хүлж, баглаж, боож болохгүйг үрсэд өнөөх хурдтай дөрвөлжин гээд байгаа хортой эдээрээ /интернет, компьютер/ бүх үрсэд хэлээдхээрэй.
2017-04-29. Мүнзүк хаан.
Комментариев нет:
Отправить комментарий