ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

ОЮУНТАН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭХ ВЭ?

ХҮН ГҮРНИЙ МҮНЗҮК ХААНЫ АЙЛДВАР
Хүмүүн ходоодтой, зүрхтэй байдгийн нэгэн адил
Хүмүүн оюун, уураг тархитай байдаг юм.
Сэтгэлээ чангалж орших үрс байвч
Тархиа ажиллуулах тэнхээтэй малууд энэ нартад баймгүй юм
Хүмүүн юм бол амьтнаасаа ялгар,
Эс чадваас амьтны, малын тоонд ороод яв.
Хүн байж чадахгүй юм бол
Хүний тоог нэмээд юу хийх вэ
Мал байж чадахгүй бол
Малын тоонд багтаад юу хийх вэ
Мэдлэг байхын цагт
Үйл хэрэг аяндаа ундарч байдаг юм
Үг л лав биш
Зуун удаа чалчлаа гээд
Зургаан удаа хийж чадахгүй бол
Зуун удаа бүү чалч
Гараг бүхэнд болдог
Энгийн мэт энэ зүйлсийг
Энгийн мэт үгсийг минь
Үнэ цэнэгүйд бүү оруулаарай
Муу ч үгүй энэ үгс бол
Хааны амаас багтан гарсан
Хаан хүмүүний үгс юм шүү
Үүнийг чинь мэддэг юм хэмээн
Үнхэлцэг цээжээ өргөн явж байгаад
Энэ нартад үнэ цэнэгүй болох бий дээ
Сэтгэлээ чангаллаа гээд та нар юу хийх юм бэ
Ходоодоо халуун сархдаар түллээ гээд та нар
Хүний амьдралын даваа нугачааг давж
Хүмүүн биеэ таниад мэдчих хэрэг үү
Амьдрал гэдэг чинь
Салхи мэт хувиргаж
Сүүдэр мэт хатууг туулуулж
Нар мэт аз жаргалд умбуулж
Одод мэт үйл хэргийг өрнүүлдэг юм
Идэж уухаа тоолон өнгөрүүлдэг хоногуудыг
Ивээгдсэн амьдрал гэдэггүй юм
Амьсгалаа тоолоод суух цаг хугацааг
Аврагдсан амьдрал гэдэггүй юм
Зоосон мөнгө зоргоор бодоод
Зоосны нүхээр өөрийгөө харахыг ч
Зориулагдсан амьдрал гэдэггүй юм
Алаг хорвоог бүү тэгж үнэгүйдүүл
Нарт ертөнц бол дэндүү тансаг эд
Нэр хүндийг нь битгий сүйрүүл
Хийсэн бүхнээ харж чадахгүй байж
Дахиад илүүг хийе гэж ам нээх хэрэг юу вэ
Хэлсэн бүхнээ таньж мэдэхгүй байж
Ахиад илүүг хэлнэ гэж чарлахын хэрэг юунд вэ
Тогос мэт өөрийгөө гоёлоо гээд
Тоост хорвоод чи хүн болох уу
Алтаар өөрийгөө гоёлоо гээд
Алаг хорвоод чи бурхан болох уу
Эдээр өөрийгөө гоёж
Эрх ямбыг хөөснөөс
Эрдмээр тархиа дүүргэж
Энэ нарт хорвоог гийгүүлээч, өвгөн би харъя.
Басан шүүж чамайг дахин нэг харъя
Босож ирж чадахгүй бол дахин нэг үзье
Чи босоо заяат хүн мөн үү
Хатуу үгс тархинд бууж
Нулимсаар үнэнийг өчдөг юм
Харамч зан гараар дамнуулж
Эд хөрөнгийг хоосолдог юм
Донж урлаж донгодох үгсийг чинь сонсъё
Дотроо бодолт хүн чи мөн үү
Эвлүүлж нийлүүлж хэлэх
Элдэв тайлбар тавих үгсийг чинь сонсъё
Үнэ цэнэтэй байж чадах болов уу
Ухаан шингэсэн үгэнд
Уул хүртэл өвдөг сөгддөг
Бодож хэлсэн үгэнд
Бурхан хүртэл өвдөг сөгдөн суудаг юм
Дэмий битгий чалч
Сэтгэлээ чи харуул
Оюунаа бас харах чадалтай бай
Сэгсгэрээ чи тольдон суухдаа
Сэтгэлээ нэг өнгийгөөд тольд
Хүн гэхэд хэтэрхий багадмаар үрс
Хүн гэдэг нэр хэтэрхий гоёдохоор үрс
Сэтгэлийн үнэр нь хүртэл анхилам биш
Сэжиг хүргэж огиудас төрүүлэм
Тархийг нь нэг ухаад үзвэл гашилсан угаадас
Талын Монгол гэж цээжээ дэлдэж байгаа бол
Тархиа нэг бүтэн байлгачихаад цээжээ дэлд
Би мэдлэгтэй хүн гэж
Би-рхэж алтан сэнтийд суулаа ч чи хэн юм бэ
Мэднээ наадахийг чинь гэж инээж байвал
Нартад чи юуг дүүргэсэн болоод инээж байна вэ
Наадаж наргиж, инээж уйлахад хүртэл
Хийсэн үйлдэл хэрэгтэй байдаг юм даа
Ёжлон инээх, ёгтлон уурлахад хүртэл
Дээс, дэнс, даваа гэж байдаг юм
Юмыг битгий үнэгүйдүүл
Энэ судрыг уншин суугаа үр чамд хэлье
Өөрийгөө битгий үнэгүйдүүл
Өрөөлийг ч бүү үнэгүйдүүл
Өөрийн амнаас унах үгсээ хүртэл
Үнэ цэнэгүй битгий болго
Ичиж байна өмнөөс чинь
Өндөр дуугаар орилж хэллээ гээд
Үнэ цэнэтэй болж чадах юм уу
Үгсийн сайхныг сонгож хэллээ гээд
Өнгө ялдам үнэ цэнэтэй болох уу
Тансаг гоёыг эдэллээ гээд
Тэнгэрт тулсан эрдэмтэй болох уу, чи
Гологдож, урагдаж, үжирсэн хувцас өмслөө гээд
Чи энэ нартад хүн байхаа болих уу, чи
Хүн байх байхгүйн их ялгаа
Сэтгэл, тархи, зүрх гуравт л байдаг юм
Хэн байхыг чинь чиний үнэр хэлээд өгнө
Өөрийгөө нэг үнэрлэ дээ
Сэтгэлээ нэг үнэрлэ
Тархиа нэг үнэрлэ
Тамхийг татаад суух амаа нэг үнэрлэ
Чи эрхэмсэг үү, чи гоёмсог уу
Эрхэмсэг, гоёмсог, тансаг юм бол
Эдэлж хэрэглэж гоёж гоодсон бүхэн чинь
Яаж хийгддэг юм бэ, яаж бүтдэг юм бэ
Ямар учиртай эд юм бэ
Хор болох, хоол болох хоёроо ч ялгахгүй
Хортон дайсан, хормын андаа ч мэдэхгүй
Хоногийн хоол эргүүлсэн шиг
Өвчин, өр, өглөг гуравт баригдаж
Өргөн хорвоо дэлхийн цагаар урсагдах
Өрөөл нэгэн түүхийг өнгөрөөснөө
Хүн болсон гэж бодож байгаа юм биш биз
Тэгж л битгий элгийг минь үгүй болгоорой
Тэгж л битгий инээдийг минь хүргээрэй
Хүн гэдгийг олж байж
Иргэн болоод, иргүн болоод 
Иргүнээсээ оюунтан болдог юм
Хийсэн бүхнийхээ хариуг даах уу
Хэлсэн бүхнийхээ арыг даах уу
Хийсэн бүхнийхээ хишиг буяныг даах уу
Үйлдсэн бүхнийхээ өр төлөөсийг барах уу
Шорон нэртэй гянданд суугаад өнгөрөөхийг
Хамгийн хүнд нь гэж санана уу
Хорвоо дэлхийгээс хормын зуурт мордож
Хүмүүний энэ биеэ мартаад
Эрлэгийн өргөөний үүдэнд очоод
Тамын өргөөгөөр зочлохдоо л
Хийсэн, хэлсэн, үйлдсэнийхээ
Хариуг мэдрэх гэсэн юм уу
Өөрөө ч мэдэхгүй мэдлэгтний үгийг
Өнгөт тоть мэт дуурайж
Өөрөө ч таниагүй эдийг, эрдэмтний ухааныг
Сармагчин мэт дуурайчихаад
Өгөө авааны дэнсийг тохируулна гэж
Өөд уруугүй хий дэмий бурчихаад
Энэ нартад хатуу хүтүүг нь туулсан гэж
Эрэлхэж, чарлаж байгаа юм биш биз
Эдлэх эдийн тоо бүрддэгийг сана
Хийх үйлдлийн тоо дүүрдгийг сана
Амьсгалах амьсгалын тоо гүйцдэгийг сана
Алаг хорвоо дэлхийгээс мордоход чинь
Атга шороо хүртэл нөлөөлдгийг сана
Инээдтэй юм, өөрийгөө хар, өөрийгөө тань
Тэгж байж өрөөлийг тань
Өөрийгөө ч таниагүй байж
Өрөөлийг шүүх оюунтай байдаг, хэн бэ
Өөрийнхөө алдсан оносныг мэдэхгүй байж
Өрөөлийн буруу зөвийг шүүж байдаг чи хэн бэ
Хаан би Хөх Тэнгэрээс үрс та нарыг харан инээе
Харин энэ нартад хэн байхаа чи өөрөө мэд
Тархитай түшмэл байх уу
Тархи нь угаадас болсон мал байх уу
Шарыг чинь малтъя
Шарвас хийгээд босоод ир
Голыг чинь маажъя
Годос гээд босоод ир
Босож ирэх чадалтай хөх Монголын үр үү
Хэвтээ заяатай хойд зүгийн үрс үү
Хэн болов доо, та нар
Хүн үү, мал уу
Аль эсвэл сармагчин нэрэндээ таарахуйц үрс үү
Амьтан, мал адгуус хүртэл
Мал гэдгээ харуулж
Малын хишиг буянаа хайрлан байдаг
Мал юм бол малынхаа хишиг буянаа ядахдаа гаргаад ир
Хүмүүн гэдэг нэрэн дор явж буй
Хөдсөн дээл нөмөрсөн
Хөх Монгол гэж цээжээ бардсан үрс бүхэндээ дамнуулъя, чи хэн бэ
За үрс, голд чинь орохоор үгс байна уу,
Чихний чинь хажуугаар урсахаар үгс байна уу? Ха ха ха
Тавилангаа л дагаж амьдар
Хүн гэдэг тавилангаар амьдарч буй бол
Хүмүүний ёс, хүмүүний эрдэм мэдлэгтэй бай
Чи хэн бэ, хатуу үг байна уу 
Хатуу үг л үнэн байдаг юм даа
Өлсөж цангаж байгаагаа зовлонд тооцно уу
Өрөвдөлтэй ч юм даа
Өнгөт эдийг авах мөнгөгүйгээ зовлонд тоочно уу
Хэтэрхий инээдэмтэй юм даа
Эрхлэх үйлгүй, ташуурдаад явах унаагүй
Идэх хоолгүйгээ хэцүүд тооцно уу
Ийм ч мунхаг байх гэж
Хэцүү гэх зүйлс чинь
Далдын их ертөнцөд л байдаг юм
Жаргаж яваа үрс та бүхний амнаас
Хэцүү гэх үг гарах эрх байх юм болов уу
Өөрсдийн туулах амьдралын их сургаалийг
Зовлон зүдгүүрт тооцох нь инээдтэй юм
Зовно гэдэг өөр зүйл
Шүдээ үйртэл, ясаа бяцартал
Цусаа барагдтал тамлуулахыг зовлон гэдэг
Өвдөж байсан ч ёо гэж хэлэх эрхгүй
Загнуулж зодуулж, занчуулахыг зовлон гэдэг юм
Хэцүү байна гэл үү энэ нарт та нарт
Хэтэрхий сайханд хөл алдан ташуурчихаад
Хэтдээ гарах гарцгүй болтлоо эргэлдчихээд
Хүмүүний өөдөөс зовж явна би
Зүдэрч  явна, хэцүү байна гэж айлдахаасаа ич
Зовлон гэдэг чинь тийм байдаггүй юм
Нүднээсээ цусаар бөөлжсөнийг
Нүүрнээсээ гал астал шаруулан түлүүлэхийг
Орилоод чарлаад ч гарах гарцгүй болж
Тэнгэрийн их гэсгээлд өртөхийг зовлон гэнэ
Дээшээ явахад Тэнгэр хол
Доошоо Эрлэгт очиход газар хатуу
Завсрын ертөнцөд тэнэмэл сүнс гэгдэж
Адайр ааш, зантай бүхний үгийг сонсож
Хүчтэй гэгдсэн бүхний өмнө бөхөлзөж
Хүйтэн ширүүн үгсээс дальдчин явахыг л
Хаан миний мэдэхээр хэцүү гэх болов уу даа
Чиний өнөөдөр зовж буй зовлон гээчийг
108 дахин нугалъя
Тэр л чиний зовлонд тооцогдох болов уу
Чиний одоо зүдэрч байгааг чинь
108 дахин ихэсгэе
Тэр үед л зүдэрлээ гэж хэлж болох болов уу
Хэтэрхий сайхан амьдралд
Хөлөө мэдэхгүй лав гишгэчихээд
Гарах гарцгүй болтлоо жаргачихаад
Зовж байна, зүдэрч байна гэх үгийг
Гаргах ёстой ч юм уу, гаргах ёсгүй ч юм уу
Амьдралын өөдөөс хараад
Ам бардам инээгээд суух оюунтай бай
Зовлонгийн өөдөөс хараад
Зоригтойгоор би жаргаж байна гэх хүчтэй бай
Хэцүүгийн өөдөөс хараад
Хялбархан юм гэж айлдан хэлэх тэнхээтэй бай
Тэгвэл чи өөрийгөө оюунтан болжээ
Би оюунтай хүн гээд инээгээд
Хажуугаар минь зөрөөд алх, би харж байя
Хэрэв чадахгүй бол хажууд инээх нь битгий хэл
Уйлаад суух эрх чамд байхгүйг санаарай
Чи Хөх Монголын оюунтан хүн болж байгаагаа ухамсарла
Чи эжий аавдаа эрхлэх гэж энэ нартад төрөөгүй
Чи эрдэм мэдлэгийн өмнөөс суръя гээд зогсох
Чин хүслийн жигүүртэй байх гэж л төрсөн юм
Оюунтан байна гэдэг нь
Орон дээрээ аягаа хагалчихаад
Инээгээд суудаг үрсийн үйлдэл лав биш
Оюунтан байх хүний
Хэлж ярих, хөдлөхөөс нь эхлээд
Хийсэн намилзах гэзэг нь хүртэл ондоо байдаг юм.
Хэзээ, хаана оюунтан байхаа чи мэд
Харин бусдынх нь хариуг хөх Тэнгэр, өвгөд бид мэдье
Чи оюунтай хүн үү
Оюунгүй худал цуурагч уу
Хагархай амлагч уу
Хавийн хамаг зүйлсийг хамж
Хов живийг хоршуулж ярьдаг
Ховч нэгэн эмгэн үү
Болсон болоогүйг, үнэн худлыг ч ялгахгүй
Буруу зөвийг ч танихгүй буран донгосч байдаг
Тулга тойрсон гэрийн чавганц уу
Хэлж ярихаа бод, инээж уйлахаа хүртэл цэгцэл
Чи манцуйндаа дэрвэлзэн өргөө гэртээ
Час час инээх айлын нялх үр биш гэдгээ сана
Халуун дайны өөдөөс
Баатар оюунаа гаргаад
Бахдам сайхан инээгээд
Эрдэм мэдлэгээ ашиглаад
Энэ биеэ үл хайрлаад орох
Ийм л чадалтай хүн болох хэрэгтэй
Бардам инээж яв
Би бардам инээж байна
Харин үр чи чадах уу
Зоос мөнгөгүй байна гээд
Зовлонгоо тоочоод уйлж суугаа юм биш биз
Би харин наана чинь
Бардам инээгээд сууж байна
Харин чи хэзээ нэг ухаарч
Инээх чадалтай болох юм бол доо
Би чамайг харж байя
Ха ха ха
Судартаа өвгөн миний инээснийг хүртэл
Сайхан мутарлаад оруулчихаарай, ха ха ха
Инээхэд хүртэл энэ цагт юу гэдэг гэлээ
Зиндаа гээч нь хэрэгтэй гэл үү
Инээхэд чинь бас учир байдаг юм
Инээхэд, уурлахад хүртэл үндэс байдаг юм
Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг чинь энэ
Энэ хорвоо дэлхий хэтэрхий хатуу байна уу
Инээж уйлахад хүртэл учиг, ухаан нэхдэг
Нэхэлт хорвоо гэдэг чинь л энэ юм даа
Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг чинь энэ
Бардам инээх чадалтай байж хүн инээдэг юм
Бардам инээхээр үйлдэл хийгээгүй бол
Инээх гэсний хэрэггүй, дуугүй л сууж бай
Инээснийг асуу, уйлсныг бүү асуу
Үүгээр айлдвараа инээгээд өндөрлөе
Ха ха ха, ха ха ха
Ямар вэ дээ, үрс?

Комментариев нет: