ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

УЛААЧИЙН МЭДВЭЛ ЗОХИХУЙ БУЮУ ЭРДМҮҮД

Ёс дэгийн дараа улаач хүмүүний эрдэм мэдлэг буюу мэдвэл зохихуй гэдэг зүйл байна. Улаач хүмүүн дараах хэдэн эрдмүүдийг таньж мэдэн, сурсан байх хэрэгтэй юм.
·       Хөөрөлдөх буюу ярилцах эрдэмЯмар нэгэн хүмүүнтэй ярилцахдаа тэр хүмүүний юу нь болж байна, юу нь болохгүй байна, үнэн ярьж байна уу, ярихдаа үйл хөдлөл нь ямар байгааг нь мэдэж авах хэрэгтэй. Энэ бүгдээс хамгийн гол мөн чанар бол ярилцаж байгаа хүмүүний бүх мэдээллийг нь уншиж чадсан байх хэрэгтэй. Ингэж уншихдаа тэр хүмүүний харц, үйлдэл хөдөлгөөн, алхаа гишгээ, ярианы өнгө аяс зэргийг ажин тэр бүгдээс мэдээллийг нь олж унших хэрэгтэй гэсэн үг.
·      Таних эрдэм: Ямар нэгэн хүмүүнтэй ярилцах эсвэл нөхөрлөн анд боллоо гэхэд мөн ямар нэгэн хүмүүнийг засах заслын үйлийн үед гэх мэт олон үйл хэрэгт энэ эрдэм хэрэгтэй байдаг өвгөдийг нь болон өөрийг нь шинжин сонжих гэж ирсэн хүмүүн үү, өстөн дайсан уу, эсвэл анд нөхөр байна уу, эгэл жирийн юугаа ч мэдэхгүй зовсон хүмүүн байна уу, ямар нэгэн тусламжийг чин сэтгэлээсээ хүсэн байна уу, энэ хорвоод учран уулзах учигтай хүмүүн үү гэх мэт бүгдийг нь ялган таньдаг учигтай. Улаач хүмүүнд байх учигтай эрдэмд энэ таних эрдэм заавал байдаг. Ямар нэгэн сайн зүйлд дэмнэх нь үү, саар зүйлд уруудуулан унагаах нь уу гээд үйл хэргүүдийг бас таньж мэдэх хэрэгтэй.
·       Хүндлэх эрдэм: Энэ эрдэм нь яг юу вэ гэхээр өвгөдийг хүндэлж чадсан улаач хүмүүн хөрст алтан дэлхийд хүмүүнийг хүндлэх чадалтай байдаг юм. Хүмүүнийг хүндэлж чадахгүй бол өвгөдийг хүндэлж чадахгүй гэдэг сургаал ч байна. Тэгэхээр улаач хүмүүн гэдэг ямарваа нэгэн амьтай, амьгүй, эрчим ихтэй эсвэл эрчим багатай оршихуй байна уу, ямар нэгэн эд хэрэглэл байна уу тэр бүгдийг хүндлэн дээдлэх чадвартай байх хэрэгтэй. Ядахдаа л Мөнх хөх тэнгэрээ дээдлэн хүндлээд, өөрөө өвгөдөө дээдлэн шүтээд, энэ хорвоо дэлхийд “Тэнгэр” гэж юу билээ гэдгээ таньж мэдэн, хүндлэн дээдлэх чадвартай байдаг юм. Өөрөөсөө ахмад хүмүүнийг хүртэл хүндлэх боловсролтой байх учигтай юм. Тэгэхээр улаач хүмүүн гэдэг хэн нэгэн хүмүүнтэй хөөрөлдөж, хүндлэн дээдэлж, сэтгэл дотроо ч хүндэлж чадахгүй бол энэ хорвоо дэлхийд улаач хүмүүн байж чадахгүй юм аа. Улаач хүмүүнд байх учигтай хамгийн чухал эрдэм бол энэ хүндлэх эрдэм. Өвгөдийн хөө хуягийг хүндлэх чадвартай байх, өвгөдийн эд хэрэглэлийг нь дээдлэн аваад явах чадалтай байх, түүнчлэн өвгөдийн алдар нэрийг нь хүртэл хүндлэх чадалтай байх хэрэгтэй юм. Тиймээс хорвоо дэлхий дээр улаач хүмүүн байна гэдэг хүндлэх эрдэмд цоо гэгээрсэн байх шаардлагатай.
·       Хайрлах эрдэм: Улаач хүмүүн хорвоо дэлхийд оршин байхдаа ямарваа нэгэн эд зүйлийг байна уу, өвгөд дээдсийг байна уу, тэр бүгдийг хайрлах чадвартай байх хэрэгтэй. “Хайрлах эрдмийг сурсан хүмүүн л энэ хорвоо дэлхийд улаач хүмүүн болдог оо” хэмээн хэлэгдэх үеүд ч бий. Хайрлах эрдэм яагаад нэн тэргүүнд байдаг вэ гэхээр ямар нэгэн өвдөж зовсон, ядарч зүдэрсэн хүмүүнийг, эсвэл ямар нэгэн ай сав оршихуй, амьтан ургамал, ертөнцийг хайрлаж чадахгүй аваас энэ хорвоо дэлхийд улаач хүмүүн байж чаддаггүй юм. Тэнгэрийн ертөнцөд улаач хүмүүн өвгөдөө, өөрийгөө, удам угсаагаа, төрт улсаа, эх орноо, тив дэлхийгээ, одот сансар огторгуйг ч хүртэл хайрлаж чадах зүрхтэй байдаг юм. Өвгөдөө хайрладаггүй хүмүүн энэ хорвоо дэлхий дээр улаач болдоггүй юм шүү дээ. Эх дэлхийгээ хайрлаж чаддаггүй хүмүүн бөө болдоггүй юм шүү дээ. Тиймээс улаач хүмүүн амьтай байна уу, амьгүй байна уу, ямар ч ай сав оршихуйг хайрлаж чаддаг байх хэрэгтэй.
·       Хамгаалах эрдэм: Хамгаалах эрдэм буюу чадвартай байна гэдэг улаач хүмүүн өөрийгөө, өвгөдөө, балчир үрсээ, удам угсаагаа, Мөнх хөх тэнгэрээ хүртэл хамгаалах чадвартай байхыг хэлж байгаа юм. Энэ хамгаалахуйн их эрдэм бол хамгийн түрүүнд дурдагддаг зүйлийн нэг. Өвгөдөө хайрлаж, хүндлээд л болчих зүйл биш. Давхар бас хамгаалах хэрэгтэй. Далдын хар муу зүйлсээс өвгөдийн эд хэрэглэлийг, өөрийгөө ч хамгаалах шаардлагатай. Хэн нэгний хэрүүл тэмцлээс үгийн хар хор шид ирэн байхад тэр бүгдээс өөрийгөө, өвгөдөө хамгаалах чадвартай байхаас гадна уул ус, нутаг хошуудаа тахивал нутаг усаа хамгаалаад, хайрлаад, хүндлээд орших чадалтай байх хэрэгтэй. Өндөр тэнгэрийн заяаг түшиж, өргөн их дэлхийд өгөөмөр сэтгэлт өвгөдийн үр нь болж мэндэлсэн атлаа өвгөд болон өвгөдийн эд хэрэглэлийг, өөрийгөө болон удам угсаагаа хайрлаад хамгаалаад хүндлээд явж чадахгүй бол мунхаг хүмүүн болж байгаа юм. Ямар нэгэн хар муу зүйлс юмуу хар муу эрчимтэй дайтаад, түүнээс өөрийгөө хамгаалж чадахгүй бол улаач хүмүүн болоогүй байна хэмээн ойлгох хэрэгтэй. Тийм учир хүмүүний энэ хорвоо дэлхийд бүхий л хар муугаас өөрийгөө, удмаа, өвгөдөө ч хамгаалан дээдлэн байх учиртайг ямагт санаж явах хэрэгтэй.
·       Өмгөөлөх эрдэм: Буруу зүйлээс өвгөдөө өмгөөлөөд зогсохгүй мунхаг үрсээс ч өвгөдөө өмгөөлөх чадвартай байх. Худал гэж хэллээ ч өөрийн өвгөдийн дэг жаяг, ёсыг таниулан мэдүүлээд зогсохгүй өмгөөлөхүйн их чадалтай байх хэрэгтэй. Хэн нэгэн хүмүүний мунхаг бодол оюунаас өвгөдийн үйл хэргийг өмгөөлөн байж хамгаалах эрхэм их үйлстэн төдийгүй өөрийн удам угсааг ч бусдаас өмгөөлөн байх учиртай хүмүүн байдаг юм. Тэгэхээр өдгөө цагт хүмүүний хатуу үйл хэргээс ч хүртэл өвгөдөө өмгөөлөхүйн их чадалтай байх хэрэгтэй.
·        Дээдлэх эрдэм: Улаач хүмүүн дээдлэгч байх хэрэгтэй. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл өндөр тэнгэрийн өвгөд буурлуудаа, өөрийн удам угсаагаа, Мөнх тэнгэрийн жаягаа дээдлэн байх учиртай. Дээдлэнэ гэдгийг тахина гэж ойлгож болохгүй, дээдлэнэ гэдэг хэн нэгэн хүмүүний мунхаг бодлын их өлмийд гишгүүлэхгүй байхыг л хэлж байгаа юм. Тийм учир улаач хүмүүн дээдлэгч буюу өвгөдөө эрхмээс эрхэмд тооцсон, эгэлгүй ертөнцийг нь мэдрүүлэн, өвгөдийн амин чанарыг олж мэдэн, өнгөт орчлон хорвоод хатуу хэцүү үйлсээс дээдлэн хамгаалж, ялган салгах чадалтай байдаг юм. Ямар зүйлийг дээдлэх вэ, ямар зүйлийг дээдлэхгүй орших вэ, ямар зүйлийг нь хүндлэх вэ, тэр бүгдийг улаач хүмүүн тунгаан байж дээдлэгч болон орших учиртай.
Буруу зүйлийг дээдлээд байвал өвгөдийн их хатуурхал ирнэ. Зөв зүйлийг нь дээдлээд байвал өвгөдийн их хайр ирдэг өгөө авааны их жаягтай шүү, үрс минь”.
·       Суралцах эрдэм: Улаач хүмүүн энэ яваа насаараа бөөгийн их ертөнцөд мэндэлсэн л бол суралцагч байдаг. Сайн сайхан зүйлсээс болон хар муу зүйлсээс ч суралцана, хажуу дэргэдэх хүмүүнээс төдийгүй Хөх мөнх тэнгэрээс суралцдаг. Хөрст алтан дэлхийгээс халин мордсон ч суралцагч л байдаг. “Би их багш болсон. Одоо надад сураад байх зүйл алга” гэж хэзээ ч тунгааж болдоггүй ертөнц юм шүү. Суралцагч байна гэдэг эрхэм хүндэт үйл хэргүүдийнх нь нэг. Өвгөдийн их ухаанд суралцаад, суралцаад дуусдаггүй юм. Өнгөт орчлонгийн хатуу зөөлөн, сайнтай муутайд суралцаад, суралцаад дуусдаггүй юм. Суу билгийн орчлонг таниад, таниад дүүрдэггүй юм. Тэнгэрийн алтан үнэнийг мэдээд, мэдээд дүүргэчихдэггүй юм. Далдын ертөнц бол онгод болон мордсон ч суралцаж байдаг. Хөрст алтан дэлхийд хүмүүн байсан ч суралцаж байдаг ухаан. Өстөн дайснаасаа л хамгийн их зүйлийг сурдаг. Мөн зовсон хүмүүнээс, жаргасан хүмүүнээс, хар муу зүйлд өртсөн хүмүүнээс суралцана, хүмүүний энэ орчлонгоос суралцсаар байгаад тэнгэрт морддог жаягтай. Тийм учир тэнгэрийн ертөнцөд ихэрхэн ахархаж болдоггүйг санаж мэдэн авах учиртай билээ.
·       Бэлэн байх эрдэм: Энэ хорвоо дэлхийд улаач хүмүүн ямар ч үйл хэрэгт бэлэн байх хэрэгтэй. Улаач хүмүүний тавилант ертөнцөд, улаач хүмүүнээс ямар ч зүйлийг өвгөд нэхэж мэднэ. Өвгөд бид улаач хүмүүнээс ямар ч үйл хэргийг шаардаж мэднэ. Тэр л бүх үйл хэрэгт харин хэзээд бэлэн байх хэрэгтэй. “Аа, би болоогүй байна аа, азнаж байгаарай гэдэг үрс байгаа шүү, хаха”. Тэгэхээр улаач хүмүүн энэ хорвоо дэлхийд оршин байхдаа тэнгэрийн бүхий л үйл хэрэгт ямагт бэлэн байх хэрэгтэй бөгөөд эрдэм, оюун, мэдлэгээ цэгцлэн тунгаасан байх учиртай юм. “Аа, би болоогүй ээ наад үйл хэрэгт чинь, болоогүй. Би мэдэхгүй шүү дээ, тийм учраас чадахгүй ээ, би болоогүй байна” хэмээн мунхаглаж болохгүй. “Би айгаад байна, чадахгүй нь, болоогүй байна” гэдэг үрс байгаа шүү.
·       Зоригийн эрдэм: Энэ бол өвгөд бид байгаа шүү гэдгийг ямагт бодолдоо тунгааж, хийж чадах хэрэгтэй юм. Тэгж гэмээнэ л өвгөд бидний эрдэм боловсролт үйл хэргийг таньж, дүүргэн, мэдэж чаддаг юм. Өвгөд бид, үрсээ айх нь уу, эмээх нь үү, сандрах нь уу, чилээх нь үү, зүдрэх нь үү, зовох нь уу гэх мэтээр олон төрлийн шалгуур, даваат үйлсийг тавьдаг. Ингэж тавьж байхад улаач хүмүүн ямар ч үйл хэргийг дүүргэхэд бэлэн бөгөөд зоригтой байх хэрэгтэй. “Би айгаад байна, нэг л чадахгүй мэт санагдаад байна” гээд хойргоноод унадаг. Өвгөд бид ард чинь байж, үрс та бүхний чадахгүй гэдэг зүйлсийг чинь чаддаг болтол нь сургах гэж оршдог юм шүү дээ. Өвгөд бид үрсээ хамгаалалгүй яахав, өвгөд бид үрсээ хүмүүжүүлэн энэрэлгүй яахав. Тийм учир улаач хүмүүн ямарваа нэгэн үйл хэргийг дүүргэхэд айж болдоггүй юм. Аймхай үрс олон бий шүү. “Өвгөд нь гал дундуур ор оо, гал дотор өвгөд бид буумаар байна” гэхээр айгаад орж чаддаггүй. “Өвлийн дүн хүйтнээр харзны усанд нь булхан ор оо” гэхээр айгаад байдаг. Өвгөд бид үрсээ чадахгүй зүйлд нь хэзээ ч оруулахгүй шүү дээ. Хэзээ ч оруулахгүй. Өвгөд бид үрсээ чадах л үйл хэрэгт нь мордуулна уу гэхээс биш, чадахгүй амь эрсдэх үйл хэрэгт яасан гэж мордуулахав. Тийм учир өвгөд бид балчир үрсийн мэлмийг нь, сонорыг нь нээх гээд л үзээд байдаг, үрсүүд нь айгаад зориг нь мохоод дөнгөдөггүй. “Би харахгүй байна, би сонсохгүй байна” гээд л олон үрс мунхаглаад эхэлдэг. Тэгэхээр улаач хүмүүн гэдэг айдсаа даван гарч чадсан зоригтон хүмүүн байх хэрэгтэй юм.
·       Тэвчихүйн эрдэм: Улаач хүмүүнд энэ мэтчлэн маш олон эрдмүүд байдгаас хамгийн чухал бол тэвчих эрдэм. Тэсэн тэвчихүйн эрдэм бол улаач хүмүүн бүрт хамгийн ихээр байх учигтай, байх ч ёстой эрдэм юм. Тийм учраас улаач хүмүүн энэ хорвоо дээр өстөн дайсантайгаа анд мэт болж инээх чадалтай л байх хэрэгтэй. Хэдий ямарваа нэгэн буруу зүйлийг үйлдэн, голдоо ортол гонсойлгосон хүмүүн байсан ч, тэр хүмүүнтэй анд болон орших тэнхээтэй байх хэрэгтэй. Тэгж л чадваас өвгөд буурлуудын улаач болж дөнгөнө. Улаач хүмүүн байхын хатуу бэрх үйлс, ихийг л тольдон хардаг улаач хүмүүн байхын учирт тэсэн тэвчиж, даван туулах тэнхээтэй,чадалтай, оюунтай, мэдлэгтэй, боловсролтой л хүмүүн байдаг юм. Өвгөдтэй адил эрх ямбыг эдэлчихээд, өнгөт орчлон хорвоо дэлхийд хаан болчихсон аятай архирч, бархираад явдаг олон үгтэй хүмүүнийг хэлдэггүй юм. Улаач хүмүүн байна гэдэг эгэл даруугаас даруу, дөлгөөнөөс дөлгөөн байдаг юм. Тэгэхээр энэ хорвоо дэлхийд дэг жаягтай улаач байна уу? Эрдэм байхгүй учир яаж л дэг жаяг оршив гэж. Эрдэмтэй хүмүүн л дэг жаягтай байж чаддаг юм. Эрдэмтэй хүмүүн л энэ хорвоо дэлхийд улаачийн дайтай улаач, өвгөдийг аваад явах чадалтан байдаг юм шүү дээ.

Комментариев нет: