ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

УЛААЧИЙН ШАЛГУУР, ДАВАА

Улаач болох үрийг олон хөлийн газраар явуулж
Өргөн дэлхийн амьдралын сайн мууг мэдрүүлж
Өвчин зовлон, аз жаргал, баяр гуниг гээд
Өчнөөн олон зүйлийг бүгдийг мэдрүүлнэ
Хээрийн салхины сайхныг амсуулан
Хөдөө нутгийн амар амгаланг мэдрүүлнэ
Хүмүүн зон олны жаргал зовлонгийн
Хөг аялгуу бүгдийг таниулан үзүүлдэг
Эдгээрийг улаачдаа үзүүлснээр
Эгэл бус хүмүүний амьдрал
Ямархуу үнэ цэнэтэй
Ямархан үйл хэрэгтэй
Ямар учир шалтгаантай хийгээд
Худалтай үнэнтэй болохыг мэдрүүлдэг
Зоос мөнгөгүй байлгаж нэг үзнэ
Зовлон, жаргалд хутгуулж нэг үзнэ
Зоргоор дураар байлгаж нэг үзнэ
Жаргалдаа ташуурахыг амсуулж ч үзнэ
Хүмүүний амьдралын утга учиг
Өвгөдөө хайрлан хүндлэх эрдэм ухаан
Өндөр ёс дэгт боловсрол ухаарлыг
Ямба ихтэй энэ орчлонд харуулан тольдуулна
Төлөгч мэргэч үрсээр шогшуулна
Түмэн олон үрсээр мордуулан очуулна
Бөө хүмүүний ертөнцийг ухуулан ойлгуулна
Бүтэн биеийн өвчин зовлонг ч амсуулна
Хайрлахын нэгэн үндэс байхад
Харамлахын нэгэн үндэс байна
Хатуу ширүүнийг үзүүлэн байхын сацуу
Хамаг үнэнийг мэдрүүлэх үйлс ч байна
Тэнгэрийн ухааныг тольдуулан харуулаад
Зүүд нойроор нь учиглан хэлж хэлмэрчлээд
Замбуулин хорвоогийн харийн улс орноор хүртэл
Замчлан явуулан байж хөтлөн авчирдаг юм
Хүмүүний хорвоогийн алба үйлсийг
Хамгаалагч нэгэн цэргээс эхлээд
Хаантны сэнтийд хүртэл туулуулж
Хатавчит өргөө гал голомтын
Эзний болон эзэгтэйн үйлийг ч хийлгүүлнэ
Амраглан жаргах алаг хорвоогийн
Алив сайхныг ч таниулан ташууруулна
Хүмүүний зовлонт орчлонгийн
Хүйтэн ширүүн салхийг ч сөрөн алхуулна
Энэ л бөөгийн ертөнцийг таньж мэдэхийн улбаа
Энэ л бөөгийн ертөнцөд хөтлөн аваачихуйн үндэс
Бөө хүмүүн болох тангаргийн үнэн амин чанарыг
Тархи оюунд нь буутал нь ингэж мэдрүүлнэ
Төлөвшил сайт үр ч болгоно
Түмэн авирт үр ч болгоно
Хүмүүн энэ хорвоо дэлхийд
Хүмүүн, хүмүүнээ хайрлахын их эрдэмд
Зааж нэгэн, сургаж нэгэн дагуулж
Хөрст алтан дэлхийд улаач хүмүүн гэдэг
Ёс дэгээр дутан буйг мэдрүүлдэг жаягтай
Тулгат цагаан өргөө гэрийн
Тусгаар эрх тогтносон
Ахуйт соёлын үнэн худал
Булай, булхай, боулхайн
Бузар бүгдийг ч үзүүлдэг соёлтой
Хатуу хүнд, хэцүү бэрхийг үзүүлдэг юм
Хайлган цайлган сэтгэлт нэгэн болгодог юм
Эжий, аавын жаргал зовлонг мэдрүүлээд
Энэ хорвоо дэлхийд хүмүүн, хүмүүнээ
Энэрэхүйн их үйлсийг тунгаалгадаг юм
Хүч ихт хүмүүн хүч султаа барьж идэж
Зовлон жаргал, амьдрал оршихуйн мөн чанар
Хайрлахуйн их үндсээс үүдэлтэй болохыг
Хүмүүн биед нь таниулан, тольдуулж ухуулдаг юм
Тэсвэр тэвчээрийн хязгаарыг
Тэнгэрт тултал нь заагаад
Тэмээн сүргийн тэнхээт хүчийг
Махан биед мэдрэгдтэл нь амсуулаад
Маргаашийн нарыг үзэх нь үү, үгүй юу гэж
Махыг нь барагдтал цөхрүүлэн бодуулаад
Мөнх тэнгэрийн арвин их үйлд нь
Мөшгин шогшуулан мордуулдаг үйлстэй билээ
Хүмүүн заяаны учрыг
Хүүрэн биед нь амсуулаад
Хөвчит хангайн сайхныг
Сэтгэл зүрхэнд нь буулгаад
Дэлхий их ээжээ хайрлахын үндсийг
Оршоож нэгэн болгоочихоод
Оломлохуйн цагаан ертөнцийг
Таниулж нэгэн өгдөг түүхтэй билээ
Тэгж гэмээнэ улаач болох үрээ
Энэ насаар нь бэлдсэн шүү хэмээн
Ам дүүрэн бардам дуугарч
Аймшиг үгүй хэлж сургадаг үйлстэй юм. 

Комментариев нет: