ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

НҮҮДЛИЙН СОЁЛ

ЯАГААД МОНГОЛЧУУД БИД НҮҮДЛИЙН
ӨВ СОЁЛОО ДЭЭДЛЭХ ЁСТОЙ ВЭ?
Хүн төрөлхтөн энэ дэлхийд хэдэн сая, хэдэн зуун мянган жил амьдарсан билээ? Энэ хугацаанд хичнээн олон соёл иргэншлүүд, соёлт ертөнцүүд, соёлжсон гүрнүүд дэлхий дээр үүсч, улс орнуудыг оройлон манлайлж, уруудан доройтож, устаж үгүй болов. Юунд ч дийлэгдэшгүй мэт эрх дархтай, хэнд ч ялагдашгүй сүр хүчтэй байсан энэ л хүчирхэг иргэншлүүд яагаад ийм гунигтайгаар дэлхийн түүхийн тавцангаас ор сураггүй арчигдав. Гэтэл ертөнцийн түүхийг бичилцэж, улс гүрнүүдийн хувь заяаг шийдэлцэж явсан учир битүүлэг нүүдлийн соёлтой, оньсого мэт нууцлаг түүхтэй нэгэн ард түмэн дэлхийн цээжин дээр өдгөө хүртэл амь бөхтэй оршсоор л.
Бидний хальтхан гадарлах сүүлийн хоёрхон мянган жилийн хугацаанд Хүннүгийн Модун Шанью, Хүн эзэнт гүрний Атила, Их Монгол улсын эзэн Чингис гээд дэлхийн улс орнуудыг нэгтгэн зангидаж, удирдан жолоодож явсан их хаадууд, хүчирхэг эзэнт гүрнүүд монголын түүхэнд олон байжээ. Тэдэнд минь хэд л бол хэдээр нь, хаана л бол хаана, ямар л бол ямар суурин соёл иргэншлүүдийг бий болгож, тансаг сайхан орд харшуудыг сүндэрлүүлэн босгох эрх мэдэл, эд баялаг, эр чадал, эх нутаг бүгд байлаа. Гэтэл яагаад өнөөдөр та бидний хоцрогдсон гэж голоод байгаа, хамаг л хөгжил дэвшилд чөдөр, тушаа боллоо хэмээн нүд үзүүрлээд байгаа нүүдэлчин ахуйгаасаа тэд салалгүй, соёлын үнэт зүйлсээ гээлгүй өдгөөг хүртэл нүүдэллэн аж төрөх ухаанаа үндэстний язгуур соёл болгон үрс бидэндээ өвлүүлэн үлдээв?
Юуны учир бидний өндөр өвгөд дэлхийг донсолгосон их дайнуудыг эрин эриндээ дэгдээж, хүчирхэг эзэнт гүрнүүдийг ганхуулан, хүн төрөлхтнийг тэнгэрийн зарлиг дор дэг жаяг, ухаан мэдлэг, үнэний хүчээр номхруулж явсны цаад нарийн учрыг та таньж мэдсэн үү? Биеийн хүчээр хэдийг дийлж, ухааны хүчээр хичнээнийг ялдаг билээ. Бидний өвөг дээдсүүд хүн төрөлхтнийг нэг бус удаа төвшитгөхдөө зөвхөн хурц илдийн ирээр бус, хурц ухааны бяраар энэ бүхнийг цогцлоож явсныг хүн төрөлхтний сор болсон номтой хэсэг хэдийнэ ухаарчихаад байна. Ямар зорилго өвөртлөн, юуны төлөө тэд дэмий тэмцэж явсан юм бол гэж та гайхна уу?
Тэгвэл та эхлээд Монголчууд бид яагаад тэнгэрийн гэх хөх толботой төрж, тэнгэрт тэтгэгдэж, газарт ивээгдсэн ховорхон заяатай ард түмэн гэгдсэнээ мэдэх хэрэгтэй. Энэ орчлон ертөнцөд эзэнгүй юм гэж нэгээхэн ч үгүй. Алгын чинээ чулууг ч уул хайрхны эзэн савдгууд нь харамлан хилэгнэж, гол горхи, рашаан булгийн шанага усыг нь ч эзэн лусууд нь манан суудгийг та хаа нэгтээгээс олж сонссон л байлгүй. Яг л үүнтэй адил энэхэн бөөрөнхий гариг ч бас хамгаалуулан байх эзэдтэй байдаг юм. Тэр эзэд нь хөх нуруут, тэнгэр язгуурт монгол хүн та бид юм. Бид, бидний өвгөд энэ дэлхийн чулуу тоос бүхнийг, ус чийг бүхнийг есөн буман жил амь насаараа дэнчин тавин байж хамгаалсаар ирсэн, хойшид ч бид, бидний үр хүүхдүүд мөн хамгаалсаар үлдэх болно.
Үеийн үед л хүн төрөлхтөн яг л өнөөгийн та бидэн шиг алд биеэ эрхлүүлэхээр элбэг хангалуун, ая тухтай, амар хялбар амьдрахыг хүсч, хүссэндээ хүрч ирсэн нь үнэн билээ. Тэд эх дэлхийгээ хувааж, газар нутгаа булаалдаж, булааж авснаа тонож, тонож олсноо үрэн таран хийж, үгүй хийснээ дахин олж авахаар өөр хоорондоо улайран тэмцэлдэж, шунаг сэтгэл, эрх ямбын төлөөх эцэс төгсгөлгүй энэ тэмцэл гинжин хэлхээгээр үргэлжилж, бие биеэсээ өрсөн дэлхийгээ дээрэмдэхээр ханцуй шамлан зүтгэдэг байжээ.
Эх дэлхийг амьгүй, эзэнгүй хэмээн сэтгэсэн ийм харанхуй цаг үе бүхэнд бидний өндөр өвгөд одот орчлонгийн эзэн - Тэнгэр эцгийн зарлигаар 99 тэнгэрээсээ бууж, араатан мэт алалдан идэх мунхаг үрсдээ дэлхий эжийгээ амьтайг, хүмүүний сүнс мөнх оршдогийг, өөд болсон эжий, аавууд нь 99 тэнгэртээ, од эрхсүүд дээрээ очиж сүнсэн биеэрээ амьдардгийг, өөрсдөө бид энэ л Монгол газар шороон дээр эх дэлхийгээ хамгаалах үүрэгтэй дээд тэнгэрээс ирж төрдгийг мэдүүлэхийн тулд орчлонгийн үнэнийг өгүүлэх хосгүй төгс ухаан, ховорхон суу мэдлэг бүхнээ шингээсэн тэнгэрийн эл судруудаараа хүн төрөлхтнийг гэгээрлийн замд оруулахаар ийн шамддаг үйлстэй юмсанжээ. Сайн юманд садаа мунддаггүй гэгчээр хэлээд ухааруулаад, үнэн болохыг нь таниулаад байхад ойлгохгүй, ойлгохыг хүсэхгүй “дөргүй бух” шиг гөжүүдлэн зөрөх аваас гүрэн улс нь ард түмэнтэйгээ хамт тэнгэрийн шийтгэлд өртөж, хөрстөөс арчигдах хүртэл хатуу зэмд унадгийг, түүнийг нь бидний тэнгэрлэг их хаадууд, өндөр их өвгөд Тэнгэр эцгийн зарлиг дор, мөнх хөх тэнгэрийн аугаа их сүр хүчин дор сануулан байж, тэмцэж ирснийг өнгөрсөн түүх бүхэн харуулан буй биш гэж үү?
Бидний амьдран буй энэ зуунд З0 жилийн өмнөөс дэлхийн томоохон улс гүрнүүд эх дэлхийгээ хайрлая, байгалийнхаа унаган төрхийг сэргээе, сэргээгдэх эрчим хүчийг ашиглая, энэ дэлхий сүйрэх нь гэж зэрэг, зэрэг дуу хоолойгоо нийлүүлэн халагласан ч өдий болтол тоймтой хийж чадсан зүйлсүүд нь хаана байна вэ? Эх дэлхийнхээ баялаг бүхнийг ухаж, эрдэнэс бүхнийг тонож, амин голыг нь тасдах гэсэн мөхөс үйлдлүүд үргэлжилсэн хэвээр байгаа бус уу? Дэлхийн амин судал, босоо голчийг хүйндээ оршоосон Монгол нутгийн минь газар шороо хорь хүрэхгүй жилийн дотор яаж бусдын хөлд талхлагдаж, яаж баялаг бүхэн нь цөлмөгдсөөр үгүй болж буйг та бид харж л явна. Уржигдар алтыг нь, өчигдөр нефтийг нь, өнөөдөр нүүрсийг нь, маргааш ураныг, нөгөөдөр ховор металлыг нь авъя гээд хар мөнгөний төлөө нүдээ ухаад өгөх хомхой сэтгэлтнүүд үг хэлээ нийлүүлээд, миний нутгийн газар шороо руу, эх дэлхийн минь амин зүрх рүү дайрсаар байгаа бус уу?
Амьдрах хэв маяг, орших үндэс суурь нь дэлхийн амийг тээх энэ л эрдэс баялгууд, эрдэнэт чулуулгууд болсон өнөөгийн соёлт хүн төрөлхтний хөгжлийн буруу чиг хандлагыг зогсоохоор, өөдлөн дэвжих өөр зөв гарц бий гэдгийг таниулахаар өндөр өвгөд минь ороо бусгаа энэ цагт нүүдэлчин, малчин ухааны 1080 цуврал судруудынхаа оньсыг нээж, нүүдлийн соёл хэмээх эл толгой судраа хөрстөд буулгаж байна.
Дэлхий эжийгээ хайрлан байж, нүүдлийн өв соёлоо дээдлэн 950,0 мянган монголчууд, дэлхийн талын дайтай газар нутагт элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан оршиж байсныг та бидэнд үл мартуулахаар, түүхт өвөг дээдсийн минь хайхамшигт билиг ухааны хосгүй нандин нэгэн бүтээл бидний гар дээр ийнхүү мэндэлж байна.
Хүн та өнөөдөр ямар ч сайхан байгууллагад ажиллаж, ямар ч хөгжилтэй улс оронд, нийгэмд аж төрсөн ажлын байртай байж, амар тайван амьдарсныхаа төлөө аль алинд нь татвар хураамж төлж, заавар журам, хууль дүрмийг нь сахин мөрдөж явдаг үүрэгтэй иргэн хүн. Тэгвэл та энэ л баян сайхан дэлхий эжийнхээ хөрс шороон дээр эрх дураараа хөрвөөж, рашаан булгаар нь ундаалж, анхилуун салхиар нь илбүүлж, нар, сар, од эрхсийн илч туяан дор айж эмээх, өлсөж цангахын зовлон үзэлгүй, элэг бүтэн, энх тунх амьдран суугаадаа талархаж эх дэлхий, газар шороо, уул усаа хайрлан хамгаалж, байгальдаа, оршихуйдаа төгс зохицсон нь бум буман жилийн түүхийн уртад шалгаран танигдсан арга билгийн нэгдэл болсон нүүдлийн язгуур өв соёлоо дээдэлж, тэнгэрийн жаяг дор зөв амьдрах үүрэгтэй иргүн хүмүүн билээ.

Монгол хүн таны зүрх сэтгэл эх дэлхий, ирээдүй хойчийнхоо үрсийн төлөө үргэлж цохилж, Тэнгэр эцэг, Дэлхий эжийнхээ хайранд мөнхөд ивээгдэж явах болтугай. Хөх мөнх тэнгэр, хөрст алтан дэлхий хоёр минь мөнхөд амгалан байг.
 No photo description available.

Комментариев нет: