ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

понедельник, 8 апреля 2019 г.

ШИНЭ УЛААЧИЙН ЦЭЭР

"ЖИНХЭНЭ УЛААЧИЙГ ХУУРАМЧ УЛААЧААС ЯЛГАХ НЬ" 
I. Идээ ундааны цээр:
1. Ангийн идээ шүүс, аль нэг малын идээ шүүсийг идэж хэрэглэж болохгүй гэсэн цээр тавигддаг. Махан бие цэвэрлэгдэхгүй, мах шүүсээр дамнасан буртаг махан биед наалддаг гэж үздэг.
2. Сархад хүртэж болохгүй. Сархдаас болж улаач сэвтэх, биед нь буртаг наалдах, сархдаар дамнан ирэх дэв бузар, сархдын хар эрчим бүхэн улаачийн махан бие дээр тогтох аюултай.
3. Чинжүүг хүнсэндээ хэрэглэхийг хориглодог. Учир нь чинжүү нь ходоод, нойр булчирхайг ихээр ажиллуулж, биеийн эрчмийг задалж, улмаар уг эрхтнийг гэмтээх аюултай байна.
4. Улайны төрлийн зүйл хүртүүлдэггүй. Цусны улаан өнгө, улаан идээ ундаанаас улаачийн махан биеийн цус амархан бохиртдог.
5. Олон төрлийн бурмыг хэрэлэхийг хорино. Улаачийн махан биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг алдагдуулж, эрчим махан биеэр жигд тархан тогтох чадвар буурах төдийгүй улаачийн яс болон цус гэмтэнэ.
6. Пепси, пиво зэрэг хөөстэй ундааг хориглодог. Хийн сүв, хий биеийг гэмтээнэ.
II. Үг хэлийн цээр:
1. Хэн нэгнийг хараан зүхэхгүй, хар муу үгсийг айлдахгүй, элдэв хар зүйлс ярьж хэлэлцэхгүй, маазарсан үг хэллэг хэрэглэхгүй, хэрүүл тэмцэл хийхгүй байхыг шаарддаг.
2. Гутаан доромжлох, “болохгүй, чадахгүй мэдэхгүй” гэх үгсийг айлдах, “ёо”-лох үг хэлэхийг хориглоно. Өвгөд хүчээ авч биежиж чадахгүй байхаас гадна эдгээр үгсээр дамнан улаачийн махан биед хар муу эрчим ихээр хуралдах, сэвтэх аюултай учир зарим үед өвгөд нь хилэгнэж, буухаа хүртэл больдог.
3. Улаач хүн ямар нэг хараалын хар муу үгсийг хэлж болдоггүй. Үгс нь өрөөл бусдад хараал, жатга болон очих аюултай.
III. Үйлдэл, хөдөлгөөний цээр:
1. Мал амьтны шүүрхий, түүхий идээ шүүсэнд гар, ам хүрч болохгүй, амьтны улаан голыг таслах үед улаач сэвтэж бузартаж болзошгүй учир ийм үйлдлйин дэргэд байх нь улаачийн дэг жаягт нийцэхгүй.
2. Улаач хүмүүн хэзээ ч бусдын хувцас хунарыг өмсөж болохгүй. Тэдгээрээр дамнан улаачид хар муу, сөрөг эрчмүүд наалдах аюултай гэж үздэг.
3. Үнэрт рашааныг /үнэртэй ус/ хорьдог. Олон төрлийн үнэрийн рашаанаар дамнан үнэрийн хар муу ирдэг учир хорьдог. Үнэрийн чөтгөр, үнэрийн хар муу зүйлс гэж бий.
4. Улаач хүмүүн цээрийн гаригт өөрийн овог отгийн бус гаднын хүмүүсийг үзэж засал хийж болохгүй. Энэ нь хүч тэнхээгээ бүрэн авч амжаагүй өвгөдийн хувьд ахдахуйц үйл хэрэг болох учир өрөөл отгийн хараал, жатга, хар муу үсэрч ирэх аюултай гэж үздэг.
5. Ан амьтны үслэг эд хэрэглэлийг олноор зүүж эдэлж болохгүй. Учир нь ан амьтны арьс үсэнд шунасан хар сүнсүүд ирж, улаачийг сэвтээх аюултай гэж үздэг бөгөөд бусад үрсийн нүдний хор тэдгээрт буух аюултай. Нүдний хорны жатга гэж айхтар зүйл байдаг.
6. Сэвлэг даахиа задгайлж болохгүй. Өвгөдийн шид хүч зулайгаар, хасан буюу титмэн хүрдээр дамнан махан биед бууж ирдэг. Гэтэл задгай сэвлэгт хар муу зүйлс амархан наалддаг тул улаачийн махан болон сүнсэн биед буй шидийг задалж, сарниаж, замхруулах аюултай.
7. Цээрийн гаригуудад үүлэн борооны ажлыг дүүргэж болохгүй гэдэг. Өвгөдийн эрчим тогтож эхэлж байгаа цэвэрлэсэн нандин биеийг сэвтээж буртаглах аюултай гэж үздэг.
8. Алт эрдэнэс, шүр сувд гэх мэт хүмүүний нүд, харааг булаах, дурыг татах эд зүйлийг хэрэглэснээр нүдний хор бууж, улмаар улаач сэвтэх аюултай.
9. Гял цал хийсэн эд хэрэглэлийг хэрэглэхээс аль болох зайлсхийхийг шаардана.
10. Өөрийн өргөө гэрээс бусад газрыг цэвэрлэх, өөрийн хувцаснаас бусад хүний хувцас хунарыг угаахгүй байвал зохино.
IV. Явах, суух газрын цээр:
1. Үдшийн харуй бүрийгээр гадуур шогшиж болохгүй. Харуй бүрийд хар муу сүнсний хөдөлгөөн хамгийн их байдаг учир үдэш орой хар муу зүйлд дайруулж сэвтэх, хар муу зүйлийн эрчимд ниргүүлэх, сөрөг эрчим наалдах аюул улаачид их тохиолддог.
3. Олон хөлийн газраар явахыг хориглодог. Олон хөлийн эрчим дунд өөрийн махан биедээ тогтож ядаж байгаа өвгөдийн сайн эрчмийг алдах аюултай.
4. Уурын өргөөнд /саунд/ очихгүй байхыг анхааруулдаг. Хормойн дэв бузар тэнд их бий.
5. Баар цэнгээний газар очихыг хориглоно. Улаачийн махан биед хар муу зүйлс үсэрч ирж, наалдах аюултай.
6. Хөдөөлүүлэх ёсон, хөдөөлгийн газарт очихыг цээрлэнэ. Учир нь тийм газруудад завсрын тэнэмэл сүнс, хар муу сүнс олон байдаг.
V. Бодлын цээр:
1. Үүнд хар муу зүйлс бодохгүй байх,
2. Гомдон гутран тунихгүй байх,
3. Өс хонзон санахгүй байх,
4. Хатуу зүйлсийн талаар бодохгүй байх зэргийг хэлнэ. Улаач хүмүүний бодол өвгөдийн бодолтой холбогдсон байдаг учир бодлоор нь дамнан хар муу зүйлс улаачид, эсвэл улаачаас өрөөл бусдад шүглэх аюултай.
Номтын тэнгэрийн Дэмчийн өргөөний "Алтан гурвалжин" судраас.

Комментариев нет: