ТАНИН МЭДЭХҮЙ

МЭДДЭГТ МЭРГЭН ЦООХОР, МЭДДЭГГҮЙД ЭРЭЭН ЦООХОР

четверг, 23 мая 2019 г.

ЦООЖ, АКАШИЙН ТОВЧООН, АЛТАН УРАГ, СҮНСНИЙ ХЭМЖЭЭСТ

- Зарим хүнийг ховсдохоор хаа нэг газар нь янгинах, өвдөх, хамар нь загатнах, нүд нь аргах гэх мэт зүйлс байнга тохиолдоод, ажиглагдаад байх юм. Энэ ямар учиртайг хэлж өгнө үү? 
- Хэн нэгэн хүний урьдах төрлийн сүнсгэл биеийн цоож нь тайлагдаагүй үед ховсонд ороход давтамжит ямарваа нэгэн үйл хэрэг илэрдэг. Тэгэхээр тэргүүлэн ховсдохоос урьдаар урд төрлийн цоож болоод энэ насны цоож байна уу, үгүй юу гэдгийг олох хэрэгтэй. Тэрийг нь зөвхөн өөрийн хүчээр нь урд төрөл эсвэл одоогийн энэ төрлийн хэзээ цоожлогдсон цаг мөчлөгт нь очоод яг ямар үйл хэргийг буруу дүүргэснээс улбаалан ийн байгааг мэдэж тайлна. Энэ нь тэргүүний үйл хэрэг. Мөн ховсонд ороход зарим үрс шууд дугжран унтдаг. Унтагч биетэй үрс хэмээн эрдмийн хичээл дээр нь зааж байсан. Түүний цаана яг юу байгаа учраас унтаад байна вэ? гэхээр унтагч биетэй хэмээн хэлж байгаа үрсийн Бөө гэгээн тархины эрчим хүлээн авах үүдэн их хатавч /оройн хүрдүүд/ нээгдээгүй байгаа учир унтчихдаг. Түүнийг ховсын хүчээр нээсэн үед тэдгээр үрс ийм зүйл байна, тэгж байна, ингэж байна, тийм ийм хэмээн сайн хэлдэг. 
- Унтагч үрсийн махан биеийн Бөө гэгээн тархины /оюун бодлын хүч/ хатавчийг хэрхэн нээх вэ? 
- Махан биед буун ирэх эрчим мэдээллийн их судал сувгуудыг өвгөдөөс нь, өөрийн билиг /сүнсэн/ биеийн хүчээс нь мөн өөрийн арга /махан/ биеийн хүчээс хэмээн гурван биеийн хүчийг нэг дор тэр хатавчаар оруулж авдаг. Энэ гурван биеийн хүчийг авах хэм нь бага болчихсон байгаад л хаагдчихсан буюу, хатавч нээгдээгүй байна гээд байгаа юм. Бөө гэгээн тархийг тэтгэх Хөх ягаан болоод Хөх улаан туяатай хоёр төрлийн эрчим байдаг. Энэ хоёр эрчим зөвхөн Дээд тэнгэрт байх Алтан гадас одноос зүүн тийш хоёр өргөөний цаана байдаг. Тэр од үрсэд үзэгдэхгүй. Хэт авианы дурангаар ч үзэгдэхгүй. Тэр бол алсын чанадын гараг. Маш бүдгээр л үрсэд хаа нэгхэн үзэгдэнэ. Сөнөсөн гариг ч бус, од ч бус зөвхөн оршиж байдаг оршихуй. 
- Мананцар хэлбэрээр харагдах уу? 
- Мананцар хэлбэрээр харагдана. Сүүмэлзсэн туяа төдий үзэгдэнэ. Энэ хоёр эрчим зөвхөн энэ оршихуйгаас ирж байдаг. Ховсдогч үрс “Чанадын хөх ягаан туяа хүмүүний энэ биед буун ирээрэй, нэг, хоёр, гурав” хэмээхэд буугаад ирнэ. Үүний дараа Бөө гэгээн тархины бага байгаа эрчим томорч, тархины идэвхжилт нь нэмэгдсэний улмаас өнөөх үр мэдээллүүдийг өөртөө хүлээн авч эхэлнэ. 
- Ховсонд орсон хүнийг би хэд хэдэн аргаар цэвэрлэж байна. Гэхдээ мэдээж өөр олон аргууд байгаа байх. Та энэ тал дээр үрдээ зөвлөгөө өгнө үү.
- 1. Ховсын үеэр заслыг хийхдээ зөвхөн буурлуудаа дуудахаас гадна араг ясан хэлхээтэй зүүлт хажуудаа амилуулж зэхээд “Бүх хар муу бүхнийг залгин өөртөө хураан аваарай” хэмээнэ. 
2. Ховсын буурлууд өөрсдөө ховсонд оруулахаас урьдаар тухайн үрийг цэвэрлэж болдог. Ховсын эхлэл хэсэгт цэвэрлэгээ явагддаг. Үүний дараа анагаан эмчлэх хэсэгт тэр хүмүүнийг эмчилж байгаагаа мэдрүүлж болно. 
3. Энэ хоёроос гадна гурав дахь арга бол Дайчин өвгөдөөр цэвэрлүүлж болно. 
4. Дөрөв дэх арга бол тухайн үрийг гүн ховсонд орсон үед Бух ноён тэнгэрээр цэвэрлүүлж болно. Бух ноён тэнгэрийн үүдэн цэвэрлэгчид буюу энэ тэнгэрийн хамгийн бага үйлстэй цэвэрлэхүйн үйл хэрэг дүүргэдэг өвгөд энэ үйлд гаргуун.
- Зарим хүн амархан ховсонд орох юм, Гэтэл зарим нь огт ховсонд орохгүй юм. Яагаад ийм ялгаатай байна вэ?
- Ховсдуулж байгаа хүмүүсийг 3 төрлийн биед хуваана.
1. Мэдрэхүйн бие буюу ховсдуулсныхаа дараа шууд үзэн харж хэлж чаддаг хүмүүс. Бодлоороо, мэлмийгээрээ, махан биеэрээ ч мэдэрнэ.
2. Ховсын үйл хэрэг дүүргэдэггүй бие гэж байна. Ховсонд гүн автан түүнээсээ гарч чаддаггүй биетэй үрс ч бий. 
3. Аажмаар олон давтан хийж байж мэдэрдэг, шинэ мэдрэхүйн хүчээ ховсын хүчээр олж авдаг үрс бас байна. 
- Акашийн товчоо олон газар байдаг уу? Монголд лав хэд хэдэн газарт байна. 
- Өвгөд бид Их мэдээллийн ертөнц гэж нэрлэж ирсэн. Энд хүмүүсийн өдөр бүр хийж байгаа үйлдлээс гарах бүх эрчмүүд бодлын эрчим, үгийн эрчим, үйлдлийн эрчим гээд бүгд дээшээ явна. Дээрээ очоод мэдээллийн эмх цэгц, дараа, улбаандаа шилжин өөрчлөгдөөд буцаж хөрстөд бууж ирнэ. Энэ нь хөрстийн доод хэсгүүдэд хадгалагдан нуугдаж болно. Эсвэл дээд ертөнцдөө хадгалагдаж болно. Их мэдээллийн ертөнц рүү орж чадах хаалгууд энд тэнд оршино. Тэр олон хаалгуудаар орохоороо бүгд Их мэдээллийн ертөнц рүү орно. Эдгээр хаалгууд нь хоорондоо холбоотой байна. 
- Сансрын буюу одот орчлонгийн Их мэдээллийн товчоон хаана байдаг вэ? 
- Орчлон ертөнцийн мэдээлэл нь сүүн зам дотроо нэг байдаг. Хар нүх, Цагаан нүх, Хөх нүх гээд гурван нүхний тэг дунд нь байдаг. Энэ дунд байгаагийн учир нь Хар болоод устгах, Цагаан болоод бий болгох, Хөх болоод билиг /сүнсэн/ биеийн хүчийг тэтгэх хэмээн гурван оршихуйдын дотор орж, гарч байгаа бүх мэдээллүүдийг хадгалдаг. Энэ нь ямар нэгэн ай оршихуй биш зөвхөн эрчмэн /сүнслэг/ оршихуй юм. Нар сар гэдэгтэй адил үзэгдэхгүй.
- Сүнсний үүслийн тухай асууя? Сүнсийг хэд хэдэн гаригт, одон гэрт, дэлхийд ч бас бүтээдэг юм байна гэж ойлгосон. Энэ зөв үү? 
- Зөв. Оддын бөөгнөрлийг одон гэр гэнэ. Хөхдэй мэргэн од гэвэл зөвхөн нэг од юм. Бөртэ чоно од гэж түүний дотор байгаа нэгэн одыг хэлнэ. Хөхдэй мэргэн одон гэр бол энэ оддын бөөгнөрлийг хэлж байна. Хөхдэй мэргэн одон гэр, Хоо марал одон гэр, Бөртэ чоно одон гэр гэж байна. Бөртэ чоно од бол зөвхөн эр сүнсгэл бие болоод эр амин чанараа тэтгэнэ. Амьтдын эр араатанлаг чанар, ургамлын үржихүйн чанар, хөрс шороо чулуу гол мөрний эр эрчмэн чанар эдгээрийг бүгдийг нь агуулна. Хоо марал одон гэр буюу Эрвээхэй одон гэрт байрлах одод бол хүмүүний хатан чанар, ан амьтадын эмэгчин чанар, ургамлын үр боловсрох чадвар чадал хүчийг, гол мөрөнд үржих арвидах, хөрс шороонд хуваагдах олшрох хүч чадваруудыг өөртөө агуулдаг. Дотроо бас хуваагдана. Эрвээхэй одон гэрт Зөнгийн од гэж байдаг. Энэ од нь хатан хүний, эх хүний үрээ гэх зөнг тэтгэдэг. Нэг хатан хүн бүрэлдэж байхад энэ зөнг түүнд буулгадаг. Зөн гэдэг нь эрчим, мэдээлэл гэхээсээ илүүтэй чадвар юм. Энэ одны дараагийн үйл хэрэг нь зарим хатад үрээ сайн мэдэрдэг байхад зарим нь үрээ сайн мэдэрдэггүй. Энэ нь Зөнгийн одноос буун ирэх эрчмийн хүчний нөлөөн дор хэр байгааг илтгэнэ. Мэдрэхгүй байгаа нь энэ эрчмийг хүлээж авах чадвар нь бага байна гэсэн үг. Эх хүний Зөнгийн од нь дэлхий бусад орны хатад, жишээ нь: хар арьстан үрсэд Эрвээхэй одон гэрийн зарим тусгал үзэгдэхгүй. Хар арьстан хүмүүс аль оддоосоо ирсэн тэр одныхоо эмэгчин, эм чанар, хатан чанарыг тэтгэж байдаг одод, одон гэрүүдээс энэ чадварыг авдаг. Хөхдэй мэргэн, Хоо марал оддын эрчим хөх Монголын Бөртэ чоно, Хоо марлаас улбаатай хэмээн ярьж дээдлээд байгаа нь хоорондоо утга нэг юм. Хөх Монголд мэндэлж байгаа хатад болоод ноёдын сүнс болоод анх бүрэлдсэн амьт оршихуй нь энэ хоёр одон гэр юм. Хар арьстан болоод бусад үрсийн ивээлт, тэднийг тэтгэн тэжээж байгаа одод гэж бас бий. 
- Хөх суу одны тухай асууя. Энэ одноос энэ дэлхийд тусгай зарлигтай, онцгой даалгавартай аугаа сүнсүүд ирж төрдөг гэдэг. 
- Хөх суу од бол Дэлхий эжий дээр орших бүх амиудын эх үүслийг тавьдаг буюу Амин тэнгэрийн одон гэр юм. Амийн амин чанарын одон гэр гэвэл илүүтэй ойлгогдох байх. 
- Алтан ургийн талаар та жаахан тодруулж хэлж өгнө үү? 
- Хорвоо дэлхий дээр таван төрлийн ураг байдаг.
1. Мэндлэх заяагүй амьгүй ураг. Энэ нь эхийн алтан саванд ураг нь бий болсон ч мэндэлж чаддаггүй амьгүй ураг. Энэ нь Ургийн ертөнцийн бас нэгэн хэсэгт хуваагддаг.
2. Алтан ураг. Оройн дээд оддын хүч буюу далд хүч, ухамсрын оройн дээдийг танин мэдсэн удам угсааны үрсийг Алтан урагт хамааруулдаг. 
3. Цагаан урагтангууд. Цагаан урагтангууд нь нарт хорвоод мэндлээд ихэс дээдэс язгуурын дээд хүчийг олж дөнгөхгүй, буурай ухаантай үрс юм.
4. Гоц чадвар, гоц гойд, гоц шинжийн ураг буюу Гоц ураг. Үүнд зөвхөн нэг зүйлийн дээд чадварыг танин мэдээд энэ нартад мэндлүүлэх чадвартай үрс багтана. Нэг гаргүй, нэг нүд нь том нөгөөх нь жижиг, эрхтний өөрчлөлттэй ургийг бас Гоц урагт багтаана.
5. Эгэл жирийн ураг. Нарт хорвоо дэлхий дээр шинээр мэндэлж байгаа үрсийг хэлнэ. Сүнсгэл бие нь шинээр бүрэлдээд, урьд хожид хэзээ ч төрөөгүй шинэ сүнсгэл бие аван төрж байгаа үрсийг багтаана. Эдгээр ургууд хоорондоо сүлэлдэж байж шинэ овог отог үүсч, шинэ үр мэндэлж байдаг. Алтан ураг хэмээхийн давуу тал гэж байна. Учир нь үнэхээр Алтан ургийн удам угсааны үр мөн бол зөвхөн дээд оройн хүчийг суралцаж чадна. Хэрэв эгэл жирийн ураг, гоц ураг хоёрын дундаас мэндэлсэн ургийн удам угсаа байвал Алтан ургийн үрсийн хүрч байгаа оройн дээд эрчим мэдээллийн түвшингийн өндөрт хүрдэггүй. Бага эрчим бууна. Эдгээр 5 ургийн сүнсүүд өөр, өөрсдийн түвшингүүдэд бүрэлдэнэ. 
- Амьгүй ургийн сүнс бол нэг болоод хоёр дугаар түвшний эрчмийн орон зайд үүснэ. 
- Ийм ураг байх хэрэгтэй юм уу?
- Амьгүй ураг байх шаардлагатай. Нарт хорвоод үрсэд хатуу сануулга, нэхээс, төлөөс, үйлийн үр зэргийг мэдрүүлэх гэж байдаг. Мөн энэ цагийн хатдын үрээ авхуулах буюу амь тасалж байгаа ургууд дотор амьгүй ураг байдаг.
- Алтан ургийнхны сүнсний хөгжлийн хэмжээст хэдээс эхэлдэг вэ? 
- Алтан ургийн сүнс нь 68-аас 108-ын хоорондох бүх хэмжээст дотор үүсч бий болно. 
- Гоц ургийнхан хэд дүгээр хэмжээстэд бий болох вэ?
- Гоц ургийн сүнсэд өөрсдийн гэсэн эрчмийн түвшин байдаггүй. Яг энэ түвшнээс үүссэн гэж хэлж болдоггүй. Гоц ураг бол юуны ч гоц байж болно. Бодол оюуны гоц гэвэл 41-р түвшинд үүснэ. Үг хэлийн уран цэцний гоц гэвэл 79–р түвшинд үүснэ гэх мэт.
- Цагаан ургийн сүнс тэгвэл хэддүгээр түвшин хүртэл хөгжих вэ? Манай багш /орос/ одоогоор бидэнд Дээрээс хэлж өгснөөр сүнсний хэмжээст 50-р түвшин хүртэл байдаг гэж хэлсэн. Гэтэл өвгөд та нар 108 хэмжээст бий гэж хэлдэг. 
- Цагаан ургийн сүнс 50-р түвшнээс дээш гарч чаддаггүй. 50–аас доош түвшний хэмжээстэд сүнс нь бий болно. Эгэл жирийн ураг бол хорвоо дэлхий дээр бий болж болно. Мөн 42-оос доош хэмжээстүүд дотор бий болно. 
- Хүн энэ дэлхийд хэдэн удаа төрдөг вэ? Тодорхой тоо байна уу?
- Хүмүүн нартад хэдэн удаа төрдөг вэ гэдэг нь аль сүнсийг нь хэлж байгаагаас хамаарна. Амин сүнс байвал хэд хэдэнтээ мэндэлж болно. Бусад 4 сүнс байвал хийсэн үйл, дүүргэсэн бүхий л үйлсийг дэнсэлж байж хэд мэндлэхийг шийддэг. Дэнсэд орно гэсэн үг. Зөвхөн дэлхий дээр мэндэлж байгаа сүнсүүдийн дахин төрөх боломжтой тоо бол хамгийн ихдээ 12 удаа төрж болно. Энэ дотроо зөвхөн Хөх Монгол дотор байвал тоо нь ихэснэ, зарим үрс дээр багасна. Ихсэх, багасах нь нарт хорвоод ямар үйл дүүргэснээс л хамаарна. Нарт хорвоод мэндэлсэн учигт үйлээ зөвөөр олоод, таниад, дүүргээд, танихгүй дүүргэсэн ч тохиолдол бий, зорьсон үйлээ дүүргэсэн л бол энэ сүнс дахин мэндлэхгүй дээшээ явна. Өвс ногоо ургамал хүртэл нарт хорвоод зорилготой төрдөг. Тэр зорилгот үйлээ дүүргэсэн бол дараагийн төрөлд очно. Өвс ургамлын дараагийн төрөл нь богино настай улирлын амьтад байдаг. Улирлын амьтдаас цааш хугацаа нь ихэссээр байгаад араатан, өнө удаан амьдрах боломжтой амьтан болдог. Ингэж явсаар байгаад хүн төрөлд төрдөг. 
Үргэлжлэл бий. 

четверг, 16 мая 2019 г.

Психологи ба бусад. : Сүнс судлал

Психологи ба бусад. : Сүнс судлал:             Монголын сүнс судлалын ухаан олон жилийн түүхтэй. XIX-XX зуунд хүн төрөлхтөн шинжлэх ухаан, техникийн хөгжилд илүү анхаарч байса...

пятница, 10 мая 2019 г.

ТЭНГЭРИЙН 10 АВШИГ

                            ХҮМҮҮНИЙ 10 ЦАГААН АВШИГ
1. Аз жаргал
2. Баяр бахдал
3. Эжийн дэлгэр үйл буюу эхийн ач буяныг хариулсан үйл
4. Байгаль ээжийн өгөө авааны төлөөс, Байгал эжийд өргөл өргөх үйлийн дэнс
5. Эд баялгийн /эдлэл хэрэглэл/ өмсгөл зүүсгэл
6. Идээ ундааны элбэг дэлбэг байх
7. ЧуЭнгийн авшиг
8. Эрдэм мэдлэгийнй үйл дэлгэр
9. Элэг бүтэн байх
10. Энх тунхын буюу махан бие эрүүл саруул байх
                            ӨРГӨӨ ГЭРИЙН 10 АВШИГ
1. Элэг бүтэн байх
2. Энх саруул байх
3. Эд баялаг арвин байх
4. Эрдэм мэдлэг дэлгэр байх
5. Бортог сав, тагш бялхам дэлгэр байх
6. Энх цагаан аз хийморь сүрлэг сайхан байх
7. Өргөө гэрийн хөөрөлдөөний холбоо эв эетэй байх
8. Тотго ариун байх
9. Гал голомт цэвэр байх
10.Энх тайван, бүрэн бүтэн, бат хамгаалалт байх
                              УЛС ГҮРНИЙ 10 АВШИГ
1. Мал сүрэг арвин тарган байх
2. Төрт улс бүрэн тулгуурт байх
3. Ард олон энх тунх байх
4. Ахуйт голомт, овог отгууд эв нэгдэлтэй байх
5. Улс гүрэн дархан цаазат байх
6. Хууль, төрийн үйл хэрэгжин батжих
7. Баян хангай нутаг ган гачиггүй байх
8. Хүмүүн, ард олон, улс гүрэн өстөн дайсангүй байх
9. Ард олон, тэнгэр газар, төрт улс, ай сав оршихуйд энх амгалангийн холбоот байх
10.Төрийн болоод улсын тэнгэр бат их ивээн хамгаалалт
                              ТЭНГЭРИЙН 10 АВШИГ
1. Үрс чадалтай байх
2. Үйлс нь мэргэн байх
3. Өвгөд нь амгалан байх 
4. Зарлиг үйлс бүтэмжтэй байх
5. Засагч үрсийн зам хазайхгүй байх
6. Мөнх хөх тэнгэрийн дэнс аядуу намдуу байх
7. Хуралдай, дэнс, хэлцлийн үйлс энхжин байх
8. Тэнгэр доторх бүхэн эвт байх 
9. Тэргүүн дээд өвгөд ухаант байх
10.Тэнгэрүүдийн их эв энхжин, бат хүчтэй байх. 
     10 цагаан авшиг тэр бүр дэлгэрдэггүй. Нарны их тахилгаар Тэнгэрийн 10 цагаан авшиг дэлгэрдэг. 

вторник, 30 апреля 2019 г.

ДӨРВӨН УЛИРЛЫН АМИН ЧАНАР СУДАР /Цахим уншлага/

ДЭЛХИЙ СӨНӨХ ҮҮ? ЯАГААД

ОРЧЛОНГИЙН ЧИНАД НУУЫН ТАЙЛАЛ СУДРААС
Алт нь энэхэн нартад дэлхий ээжийнх нь амийг нь хамгаалан байж, амийг нь тогтоон байдаг эрдэнэсүүд билээ. Дэлхий ээжийн чинь хүй их ертөнц, хүмүүн олон зонг чинь хүртэл хамгаалан байдаг. Хөрст алтан дэлхийд чинь хүртэл хүмүүн олон үрсийн амь юуг хамгаалан оршдог юм. Энэхэн нартын үрс та нар яагаад ингэж богинохон насалж, энэхэн хорвоогоо үдээд байна вэ?
-    Янз бүрийн өвчнөөр л их өөд болж байна.  
-    Хэ хэ, өвчин гээчийг нь та нар хүртээ юу? Үрс та нар түмэн овог отгоороо хар муу бүхнийг өөрсдөө үйлдчихээд, “хасбу” тамгаа эргэхийг нь болиулчихаад, хомхой шунаг сэтгэлээрээ эл нартдаа тэр бүх өвчин, зовлон гээчээ дуудаа биз дээ. Үрс та нар нэгдэн байж л энэхэн алтаа хамгаалан байх учиртай билээ. Яах гэж бид энэхэн нартыг чинь хамгаалах үрсийг (лус, савдаг, бөө, улаач нарыг хэлж байна) нь байлгаад байгаа юм бэ? Энэ их эрдэнэсийг чинь харь хүмүүст  алдахгүйг хичээж л байлгаад байгаа бус уу? Та нар алтан судлуудаа  үгүй болгоод чих, гар, хүзүүндээ зүүгээд байвал нүд, шүд, мэлмий, сэвлэг бүхнээсээ л үгүй хийж байна гэж ух. 
-    Биедээ зүүхээр үү?
-    Байгаль ээжээсээ аваад байхаар. 
-    Биедээ зүүх нь харш биш биз дээ?
-    Хортойхон зүйл нь оршихтой. Түмэн олон үрсийн хор юу нь гүйж, шунал юу нь оршихтой. 
-    Нүдний хор, сэтгэлийн хор, хүслийн хор гүйгээд үү?
-    Ай даа. Дэнсийг нь дааж дийлэхгүй зүйлээ зүүгээд байвал энэхэн нартдаа хийх үйлс нь бас багахан оршихтой. 
-    Байгаль дахь алтаа аваад байхаар төмөр амархан зэвэрч, хад чулуу үйрэн бутардаг гэж та нээгэн удаа айлдаж байсан. Алт агаарт байгаа давсыг хөрс рүү татаж, шингээж, урвал явуулж байдаг уу? Хөрсөнд байх алт хомсдохоор энэ үйл явц удааширч, агаар дахь давсны агууламж ихэсч байна уу? Давстай ус төмрийг амархан зэврээдэг болохоор үр нь агаар дахь давсны агууламж ихэсдэг юм болов уу гэж бодсон юм. Цаашаа ургуулаад ярьвал олон олон өвчин дэлгэрч, ясны сийрэгжилт, хорт хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэж байгаа нь үүнтэй холбоотой байх уу. 
-    Оршихтой, оршихтой.
-    Өнөө цагт хорт хавдартай, хоргүй хавдартай хүмүүс олшроод байгаа. Хавдрын эсүүд давсаар хооллодог гэдэг. Тэгэхээр бид хоолондоо давс хэрэглэж байна. Бид хоол хүнснээс гадна агаараас уушигаараа, арьсныхаа нүх сүвээр бас нэмэлт давс авч байгаа юм байна. Тэгвэл бид ийм их давсыг биедээ хуримтлуулаад, тэгээд хөдөлгөөнгүй байгаад байхаар бодисын солилцоо муу явагдаж, энэ давсууд дотор эрхтнүүд, үеүүд дээр ихээр хуримтлагдана биз дээ? Тэгээд энэ цагийн хүмүүс хөдөлгөөний хомсдолтой учир биед нь эрчмийн сүлэлдлэгээ, шингэний сэлгэлт муу явагдаад давсууд нь хавдар, шохойжилт үүсэх нөхцөл болж байна гэж би ойлгоод байгаа. 
-    Оршихтой. Балчирхан үрсэд энэ цагт таньж, мэдэхгүй олон өвчнүүд дэлгэрсэн биз дээ? 
-    Тэгсэн. Та энэ цагийн үрсдээ билгийн ухаанаа энэ өвчнүүдтэй нь холбож сайн хэлж өгөөрэй.
-    Алтаа ухаад байвал ахуйт төрөө гээнэ гэдгийн учиг нь энэ. Ахуйт төрөө балчир үрс нь дэмнэн байх учигтай бус уу? Атал балчир үрс нь үгүй болчихвол ахуйт төр нь орших уу? 
-    Ахуйт төрөө боддоггүй ч ядаж эрүүл мэндээ бодох байх. Тэгэхээр та эрүүл мэндтэй нь холбоод энд байгаа ийм зүйлийг авахаар алд бие чинь тийм өвчнөөр өвдөөд байгаа юм гэж хэлж өгөөрэй. 
-    Балчир үрс та нар газрын судал дахь энэхэн алтаа аваад байвал наад зах нь дэлхий ээж чинь үрс та нарын алдхан биеэр чинь шоглож эхэлдэг юм. Энэ нартдаа та үрсийг түмэн хавраар оршоож дийлсэн юм чинь, амийг чинь таслан оршоохгүй байж дийлэх учиг бас бий шүү дээ. Балчир үрс бүрт алтан, амин босоо голч чинь оршин байдаг. Тэр босоо голчид энэ үрсийн түмэн их харыг дарах чадал нь оршдог юм. Тэр л босоо орших сэрэхүй нь энэ цагт хэвтээ орших шунал болж дээ. Хэвтээ орших шуналаасаа болоод үрс алд биесээ гэмтээж, бэртээж, эд эрхтнээ өвчлүүлж байна. Ах дүү овог отгийнхны чинь алд биест, адаг сүүлд нь өөрт чинь хүртэл мэдрүүлдэг юм. Балчир үрс та нар алтаа ухаад байвал амиа алдаад л байна гээд ухацгаа. Дэлхийгээ хайрлах ухаанаараа арвин үйлсийг хийгээд байвал түмэн хаврыг элээх нь энүүхэнд оршино доо. (урт насална гэж байна)
-    Алт эрдэнэс бүхэн заягдсан тэр л газартаа оршин байх учигтай. Тэгж гэмээнэ дэлхийн бөмбөрцгийн зарим нутгуудад, зарим чулуулагт хомс байдаг эрчмүүдээ огторгуй ертөнцөөс, нар, сарнаас ирэх эрчмүүдээр нөхөн хүрдээрээ дамжуулан татан буулгаж газрын эрчим, хэмээ тэнцүүлэн байдаг. Хэрэв алтыг нь авчихвал тэр газрын эрчим нь дутаж, хүмүүс нь элдэв өвчнөөр өвдөх бас нэгэн шалтгаан болдог. Алт амьтай, алтны эзэд энэ дэлхийд төдийгүй, бас ертөнц, тэнгэртээ байдаг, алтыг нь авчихаар манаж хамгаалж байдаг газрын эзэд нь догшрон уурлаж тэр үрсийг хөөрхөн шоглодог гэдгийг нь та бас хэлж өгөөрэй. 
-    Түмэн олон үрсийг түгшээн байх энэ цагийн хавдар бүхэн алтны их уурхайгаас ирэх, алтны түмэн олон эздээс чинь ирэх хатуу бэрх “шоглоомууд”, нэхлүүд нь юм шүү. Балчир үрст нэгээхэн үгийг л айлдъя даа.
     Балчир үрс та нар 
     Хийсэн үйлсийнхээ дэнсийг 
     Дийлнээ гэвэл үйлсээ хийцгээ 
     Дийлж чадамгүй бол одоохон больцгоо
     Түмэнтэй олон хавруудаар 
     Төвшин орших эл нартыг минь 
     Өнөө хаврууд шиг өвтгөн уйлуулах үрс 
     Дэлхий эжийд минь арвинтай орших болжээ
     Балчир үрсийн алд биед хэрэгтэй
     Рашаан, цус, судас бүхэн шиг чинь 
     Харлаг лусаараа мануултай 
     Хуйман олон их эзэдтэй 
     Хөрст алтан дэлхий эжийд минь 
     Энэ л бүх үрс нь бас хэрэгтэй байна. 
-    Та үрс нэгээхэн хэсгийг авахад гэмгүй гэж тунгааж байвал энэхэн нартын үрс мунхаг гэдгээ ард олондоо харуулан буйгаа ухацгаа. Өнгөрсөн хоёр хавартайгаас эхэлж алтны их эздийн хуралдайгаар алтыг нь аван байгаа, харь улсад гээн буй, энэ нартаасаа сорон буй үрсийн айл ухааныг нь үгүй болгоно хэмээн шийдсэн дээ. Тийм учир балчир үрс та нар үрийнхээ үр, үрийнхээ үрсийн үрд хар муугаа хүртээлгүй, хар мууг авчралгүй энэ нартдаа орштугай. Унтаа байгаа чонын өөдөөс та нар дайрч дийлэх үү? Балчир үрс та нар хилэнтэй тэр чоныг сэрээгээд, уурлуулаад байна. Үрс та нарт гэж айлдахад Тэнгэртэй тэрсэлдсэн үрс зүгээр хоцордоггүй л юм даа, Тийрэнтэй нөхцсөн үрс зүгээр нэг оршдоггүй л юм даа. 
-    Оюутолгойн алт зэсийн ордыг ухаад байвал дэлхийн эргэлт өөрчлөгдөж, сүйрэл болно гэж буурлууд айлдаад байгаа шүү дээ. Та тэр тухайд бас дахин энд хэлж өгөөрэй. 
-    Хэрвээ энэ судлын нэгээхэн хэсгийг авчих л юм бол ихэнх хүмүүсийн эрчим алга болно. Тэр их эрчмүүд алга болохоор дэлхийд утаа тортог ихэсч, дэлхий чинь нар, сар руугаа хэт ойртох, эсвэл хэт холдсоноор дэлхий тойрог замаасаа гарч, өөрийн мэдрэлгүй хүн шиг явах болно.
-    Тэгж явж байгаад аль нэг солиртой очиж мөргөлдөх юм байна л даа.
-    Тэгээд л энэ дэлхий сүйрч алга болно. Энэ дэлхийг бүтэн байлгахын тулд л бид энэ эрчмийн холбоог буулгаж, онгод бид олноороо бууж ирж байгаа юм. Бүх зүйл бие биетэйгээ холбоотой гэдгийг л  ойлгох хэрэгтэй. Хэрвээ хөрсөндөө алт нь үгүй болчихвол түүнээс ялгардаг сайн эрчим бас л алга болдог.
Орчлонгийн чинад нууцын тайлал, 2014 он. Дэмчийн өргөө. 

суббота, 13 апреля 2019 г.

БУГАН ДЭЭД ЭЦГИЙН АЙЛТГАЛ



Асралт хөх их уулсаас
Амар мэндийнхээ үгийг дамнуулах гэж
Тэртээ холоос шогшин байж ирлээ дээ
Сэтгэлийг минь баясган хөглөтөл
Сэтгэлийн үзүүрээс нэгэн хөгийг
Сонорын угт барьвал сайхансан (Бид “Сайхан хангайн буга” дууг дуулж өгөв)
Сэтгэлийнхээ гүнээс сайхан хөг барьж өглөө үрс
Олон үгсийг нуршаад юу хийх вэ
Оюун бодолд нь тусч хүрэх
Ончтой хэдхэн жинтэй үгсийг хэлээд мордъё
Алтан эвэртэй
Түмэн бичигтэй
Түүхийн улбаатай
Тэргүүн заяат их буга гэдэг чинь би
Үүрийн таван жингээр
Үйл хэргээ амжин дүүргээд
Үндэстэй моддын оройгоор нисээд
Үүлэн тэнгэрийнхээ үзүүрийг шүргэж л явнам
Уудам шаргал талыг гаталж үзнэм
Ухаант өвгөдийн сургаалыг эхлүүлж суунам
Тэнгэрийн орноор түмэн хэлийг дамнуулдаг
Түнтгэр өвгөдийн үрсийн голомтод буугаад
Сайхан байнаа, сайхан байна
Төгөлдөр сэцдийн үгсийг хэлэх болсондоо
Төвшин сэтгэл минь нэгэнтээ огшин байна
Ай даа, буган заяаг дээдлэх
Буурал өвгөдийн сургаал нь
Тархи оюунд нь бичээтэй бий
Тэнгэрийн алтан орны түмэн үйлсийн учиг
Дэлхийд урлан бичигдсэний түүхэн бичээс
Тэнгэр газрыг хослуулах буурал язгууртны
Түүхийн алтан үсэгт бичээс нэгэн бий
108 эврийг хослуулж байна шүү дээ
Зургаан үйлст их тивээс
Зөрөн өнгөрч байна шүү дээ
Эцэг өвгөдийн ариун сургаалыг
Хэлмэрчилж өгөөд байна шүү дээ
Хөх тэнгэрийн одон орноос
Үрсийн мунхаглалыг хараад л байна шүү дээ
Хайсан бүхнээ олов уу та нар
Харсан бүхнээ үзэв үү та нар
Бичиг соёлын ухаанаараа мэдрэв үү та нар
Тэнгэрийн алтан язгууртан гэж
Тэвхгэр цээжээ дэлдэх атлаа
Энгүй холын ухааныг бичиглэн нуусан
Энэ л бичгийг уншсан уу та нар
Айлтгал бүхэн учгийг агуулан байна
Тэнгэр газрын алтан хэлхээний
Үнэнийг хүртэл өгүүлэн байна шүү дээ
Сайхан гаригийг дэмий өнгөрөөж
Сайхан дүрийг хөөн байх юм, та нар
Итгэл сэтгэлийнхээ чинадын угаас
Бичиг соёлын ухаанаа таних нь яасан юм бэ
Буруудсан нийгэмдээ бултаараа уналаа л гэх юм
Бичиг соёлоо таньж үзэх нь тэгвэл яасан юм бэ
Тэнгэр газартаа мөнхлөөтэй байгаа
Тодоос томруун олон бичиг тамгуудийг
Дөрвөн саяар нь үлдээж хаячихаад
Түмэн бээрийн холыг туулна гэнэ үү хө
Алтан язгууртан л гэх юм
Алтан ургийнхан л гэх юм
Тэнгэр ганцхан овог отгоор
Тэгтлээ дүүрээ юу, мунхаг толгойтнууд минь
Сар шиг толигор сэтгэлийн үзүүрт
Саруул сайхан бүхнийг бодохын эрхэнд
Салгуун холын нарны илчинд багтнам шүү дээ
Буган биерээ гайхуулан нэг өгүүлнэм шүү дээ (Цээжээ ханхалзуулан байлаа)
Ходоод гэдэс нь дүүрээд ирэхэд
Хохьмой толгой нь жижигрээд ирдэг
Хомсхон ухааныг нэгэнтээ харж дээ, та нар
Ха, ха, ха
Орой дээр нь сүндэрлэн байгаа
Олон салаа эвэр бүхэн нь
Орчлон хорвоог мэдэрч таньсан
Оломгүй их ухааны бичээс нь буй за
Ямар зүйл хаашаа харан
Яаж хэрхэн байхын учиг дор
Газарч, огторгуйч гэх
Тэнгэрийн ухааныг буулганам
Харц мэлмий оюунаар нь
Хамаг бүхнийг шинжнэм шүү дээ
Үзэж харсан гэх бүхнийхээ
Үндэс улбааг таньсан уу та нар
Бичиг соёл гэх хөндлөн бичээсээ
Хүмүүний хөндлөн заяа болгочихоод
Хэрхэн юуг өгүүлж байна даа, та нар
Амьтан гэх нэр үгийн цаана
Амь нэгэнтээ байдаг юм даа
Тэндээс ирсэн тэр л сайхан бичгийн
Учиг холбоо үнэнийг өчин байхад
Уудалж нэгэн үзэв үү та нар
Уншиж нэгэн ухаарав уу та нар
Ухаант заяандаа чи ямар угсаатны
Ямар гээч эрдмийг хураагаад байна вэ
Та бүхэн оюундаа сайхан үнэрийг үнэртэн
Түмэн бээрийн холын бичээсийг уншиж чадах
Төгөлдөр заяатан өвгөдийн үр сад атлаа
Түмэн бээрийн үнэрийг ч олж таних чадал үгүй болж
Цэцэн мэргэн үгэндээ оршиж
Цэцэгт талдаа нуугднам ш дээ
Цэлгэр уул талын бичээс байхдаа
Цэнгэг голын усыг нэгэнтээ хүртэж
Тэнгэрийн их эрдмийг эвэртээ бичих
Эвэр бичгийн их нууцыг
Би мэдэж авсан юм ш дээ
Тэнгэр газраа холбосон
Тэр л  амьтны сайхан дүрийг
Би тэргүүлэн суунам ш дээ
Алтан урагт айлдаж хэлсэн л юмсан
Хүмүүн зонд нь хөрвүүлж таних
Хэлмэрч нэгэн ухаан байхгүй нь
Мунхаглалын л их хохь юм даа
Хөндлөн заяаг дээдлэх
Хүмүүн таны бичиг юу юм вэ
Харийн гүрнээс хулгайлан авчирсан
Тэр л бичиг соёл нь хохьмой толгойд нь
Тахиж шүтсэн ч багтаж үл дийлэх
Тийм мунхагшилт үрсийг яалтай вэ
Тэнгэрийн мянга гаруй бичгийг
Тэргүүлж түрүү магнайд нь бичигдсэн
Энэ л сайхан буган бичгийн бие хааг
Эргэцүүлэн шинжиж харвал яасан юм бэ
Түмэн тамгыг учиглан биедээ нуугаад
Төгөлдөр сайхан олон дүрийг нууж оршоод
Тэр л бичгийн сургаал үгсийг айлдан байхад
Хүмүүн та хэрхэн байх, хэрхэн оршихыг чинь
Энэ л судрыг эргүүлэн уншсаны дараа
Эргэж нэгэнтээ ажиж харъя
Тэнгэрээр олон буга дүрслэгдэж
Тэнүүн сайхан бичиг соёл дэлгэрч байхад (Тэнгэрт үүлээр олон буга дүрслэгдсэн байв)
Идэж уухаа умартаж ухаарч сэрээд
Тэнгэр газрыг холбох эрхээ дээдлэх цаг ирнэм
Бичиг соёл нь тархи оюунтай холбогдном
Өөрийн нууцаас олныг тэргүүлж харуулнам
Сайхан дүрээ шагшуулан гайхуулж
Саран нарны заагийн төвд
Хөрс алтан дэлхийдээ ирлээ гэж
Хүмүүн олон үрсдээ дамнуулам за
Буган сайхан өвгөдийнх нь тэргүүнд
Төлөөлөл болж нэгэнт буугаад л
Буурал хангай, будант хөндийд чинь
Буган язгуурт заяа байдгийг сануулж байна
Сайхан гээд хайгаад яв л даа тэгээд
Сайхан олон зүйл байлаа гээд
Согоо шиг сайхан бугыг
Хаанаас олж харахыг чинь асууя би
Тэнгэрийн олон одонд чинь байх
Түмэн олон орон гэрт чинь
Тэр л бичгүүдийн амин чанар нуугддагийг
Наад хохьмой толгойдоо бичиж аваад
Өртөөлөн байж өргөн олонд дамнуул.

пятница, 12 апреля 2019 г.

МОНЫН ОНОЛ

МОНЫ ОНОЛ \сүнс ба эзэн биеийн онол\ by Мичид Гялбаа on Scribd

КҮЭН 7 БИЕ, КҮЭН 9 БОЛОВСРОЛ

Монголчууд зөвхөн эх нутагтаа, хөрс дэлхийдээ төдийгүй бидний нүдэнд харагдах болоод үл харагдах зах хязгааргүй одот орчлонийн уудамд, Хөх Мөнх Тэнгэрийн орон зайд нүүдэллэж амьдардаг нүүдэлчин ард түмэн.
Тэд олон зуун жилийн турш махан биеэрээ энэ дэлхийд тив алгассан их нүүдлүүдийг хийж, дэлхий ертөнцийг дайн байлдаан, эрдэм мэдлэгээр бүхэлд нь жаяглан залж ирснээс гадна, сүнсэн биеэрээ далд ертөнц, билгийн оршихуй, сүнсний ертөнцүүдээр нүүдэллэн оршиж, орчлон хорвоогийн болох болохгүй зүйлд нь хяналт тавьж, саар зүйлсийг нь дарж, сайн зүйлсийг нь тэтгэн дэлгэрүүлж явдаг Тэнгэрийн их засаглагч нар юм. Үүний нэгхэн жишээ нь тамгат улаач үрс дээрээ 99 тэнгэрээсээ буун ирж, эх дэлхийгээ хамгаалан, төр, нийгмийг цэгцлэн, үрс балчирсаа сурган яваа бидний өндөр өвгөд, онгод шүтээнүүд юм.
Монгол өвгөд \өвгөдийн ариун сүнсүүд\ нэг Тэнгэрээс нөгөө Тэнгэр рүү, нэг оршихуйгаас нөгөө оршихуй руу, нэг оддын аймгаас нөгөө оддын аймаг руу, нэг одон гэрээс нөгөө одон гэр рүү, нэг гаригаас нөгөө гариг руу, сүнсний нэг хэмжээстээс нөгөө хэмжээст рүү чөлөөтэй нүүдэл хийж, оршихуй ертөнцийг Тэнгэрээр нь хянаж, удирдаж, чиглүүлж байдаг эрх, үүрэгтэй. Ийм өндөр эрх мэдэлтэй, ийм гүн үүрэг хариуцлагатай учир монголчуудын боловсрол сансар огторгуйн эрчмийн орон зай руу, сүнсгэл биес рүү илүүтэй чиглэсэн байдаг. Сорхагтуни бэхи хатны "Алтан сударт" өгүүлсэнчлэн хүний бие КүЭн 7 биетэй, 9 күэн боловсролтой байна. 
КүЭн 7 биед:
          Оул бие \махан бие\
          Засаг бие
          Сэхээрэлт бие
          Орон зай бие
          Ухаан бие
          Оюун бие
          Соёл бие
КүЭн 9 боловсролд:
          Ир КүЭн боловсрол
          Эр КзЭн боловсрол
          Өрө КүЭн боловсрол
          Дөрө КүЭн боловрол
          Бэлгэ КүЭн боловсрол
          Өв КүЭн боловсрол
          Энэе КүЭн боловсрол
          Жа Аай КүЭн боловрол
          Жөн КүЭн боловсрол багтана.
Бодгал буюу махан биеийг Ир Күэн боловсролоор, эфир буюу засаг биеийг Эр Күэн, Өрө Күэн боловсролоор, үйлийн үрийн буюу сэхээрэлт биеийг Дөрө Күэн, Бэлгэ Күэн боловсролоор, астраль буюу орон зай биеийг Өв Күэн боловсролоор, менталь буюу ухаан биеийг Бэлгэ Күэн боловсролоор, атми буюу оюун биеийг Жа Аай Күэн, Энэе Күэн боловсролоор, будха буюу соёл биеийг Жөн Күэн боловсролоор тус тус сурган хүмүүнжүүлдэг.
Дөрө КүЭн боловсрол гэдэг бол аливаа зүйлийг өөрийнх нь биеэр туулуулж, нүдээр нь үзүүлж, чихээр нь сонсгож, биеэр нь үйлдүүлж сургах боловсрол байдаг. Авьяасыг нь хөгжүүлэх, ур дүйд суралцуулах арга бас энд багтана. 
Өрө КүЭн боловсролыг монголчуудад илүү их хамааралтай боловсрол гэж ойлгох хэрэгтэй. Энэ нь хамтын хариуцлагат малчин ухамсарт сургах боловсрол байдаг. Малчин хүмүүс байгалаа таньж, шинжих огторгуйч, газарзүйч эрдэмтэй байдаг учир далд ертөнцтэй харилцах чадвар, зөн совин нь сайн хөгждөг.
Бэлгэ боловсрол гэдэг бол мэдвэл зохихуйд бага наснаас нь эхлэн сургах боловсрол. Энэ цагт хүмүүс бид амьдралдаа болох, болохгүй зүйлийн хэм хэмжүүрийг зөрчсөнөөс болж үйлийн үрийн төлөөст ихээр унаж байгаа. Тэгэхээр энэ боловсрол орхигдсоны үр дагавар нь тэр юм байна. Мөн ухаан биеийг бас энэ боловсролоор сургана. Эфир биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн их засаг, мэдвэл зохихуйн эрдэм, ухаан биеийг хөгжүүлэхэд чиглэгдсэн мэдвэл зохихуйн эрдмүүд дотроо ялгаатай байна.
Орон зай биеийг Өв КүЭн боловсролд буюу 7 дээд эцгийн зөнд сургадаг байжээ. Үйлийн сүнс орон зай биетэй нягт холбоотой оршдог. Үйлийн сүнсээр бид орон зай цаг хугацаагаар аялж, мэдээллийг хядбархан олж авдаг. Мөн Акашийн товчоон руу ордог. Акашийн товчооныг маш их мэдээлэл агуулсан том сервер компьютерүүдтэй зүйрлэн ойлгож болно. Тийм газрууд дэлхийд хэд хэд бий. Нэг нь л лав Монголд байдаг. Тийшээ орох эрхтэй хүн тун цөөхөн бий. 
Оюун биеийг хөгжүүлдэг Жа Аай Күэн боловсрол бол хамтын хариуцлагат Тэнгэр боловсрол юм. Тун товчхондоо бол Тэнгэр оршихуйн тухай хэр ихийг зөв сайн таньж мэднэ, тэр хэрээр оюун бие хөгжинө. Нэг ёсондоо гэрлийн эрдмийг цоо таньж мэдээд Тэнгэрийн 3 хүү төрүүлсэн Алунгоо \Эл Унь Гоо\ ээжийн гэрлийн эрдэмд суралцана гэсэн үг.
Энэе Күэн боловсрол нь Алтан дээд үнэнд ээжийнхээ үлгэр дуурайллаар үрс нь дагаж суралцах гэсэн утгатай. Жөн КүЭн боловсрол нь Чингис хааны ОгоуУл зөнд суралцахыг хэлнэ. Өөрөөр  хэлбэл Чингис их хааны минь боловсорсон амь, амьтан, мангдайг ивээн тэтгэн байдаг Наран их боловсролд суралцаж, гэгээрэлд хүрнэ гэсэн үг юм. 

ДЭЭД "БИ"-ДЭЭ

Өндөр тэнгэрийн нараар орчлонг аргадах заяатай
Өрлөг түүхийн үнэнийг тольдон буулгах зарлигтай
Эрин зууны түүхэнд гэрэлт саран болон мандсан
Эрхэмсэг хатан эжий дээд-эс таньдаа би мөргөмү
Бүүвэйн дуугаар тань би таныгаа эргэн таньж
Бүлээн зөөлөн сэтгэлд тань би элгэмсэн нялхарч
Бал бурам мэт сайхан үгсэд тань ухаажин золбоожиж
Бадамласан галын дөлд тань гэрэлтэж би өнгөлөгдлөө
Хуур эгшиглэж, хур үерлэсэн өвгөдийн хишиг дор
Хувь заяаныхаа төөрөгт эзэн нь болон би өргөгдлөө
Эжий минь ангир уураг ивлэж, энгэрт минь садрахад
Эрхсийн туяаг зүрхэндээ наадуулсаар үр нь тэнхээжлээ
Хайр гэрэлтсэн эцгийн минь царайд баярын мишээл тодорч
Хан Тэнгэр эцэг зарлигаа буулгаж эзэн биеийг минь тамгаллаа
Хатуу орчлонгийн үнэний дуучаар энэ бие минь томилогдож
Хатан заяагаа тулж, арван хоёр их ертөнцдөө би мэндэллээ
Найрын дугараатай хамт үлгэр, домгийн эзэд амиллаа
Наран, сарны гэрэл дор түүхийн цагаан мөр тодорлоо
Намтар баян өвгөдүүд одод хүлэглэн газардаж
Нартыг эзэгнэх эрин зууны босгонд эргэн мэндчилж байна
Цадиг түүхийн эгшиглэнт аялгуу цантай тэнгэрт цуурайтаж
Цахилан дүүлэх галт шувууд аянгын дуунаар сэрцгээхэд
Цал буурал тэргүүндээ шонхор дүүлүүлсэн өндөр өвгөдүүд
Цуутай алдрын оргилоос залагдан байж хөрстөд морилж байна
Цан хэнгэргийн дуунд орчлон хүртэл цочин дайвалзаж
Цалам, жолоогүй хурдлах хүлэг морьдын төвөргөөнд
Цалин мөнгөн тэнгэртээ 99 их эзэд хуран чуулалдаж
Цалигт, галигт, дуу уухайт шашдир түүхүүд зүг бүрт амилав
Нар нь наадсан тэнгэрээс солонгон бороо сувдран асгарч
Нарт ертөнц хайрын хөгд нялхарч үзэмж нэмэн мишээхэд
Саран гуа эжий бүүвэйн дуугаараа хонгор үрсээ хурайлж
Саруул орчлон уянгалаг айзамд нь үнэгчлэн зүүдэлж жаргавай.

"НҮҮДЛИЙН СОЁЛ" СУДРЫН УДИРТГАЛ

Найман цагаан үнэг чинь
Нарт их ертөнцийг бэлгэдэн буй бус уу
Найман цагаан үнэг чинь
Наашлан ойртон буй цаг бус уу
Хэдэн үр нийлж үйл хийнэ гэсэн бэ
Найман цагаан үнэг наашлан ирнэ гэдэг чинь
Найман цагаан сэтгэл наашлахын нэр
Эхийн цагаан сэтгэл эхнийх нь байхтай
Энэ цагийн найман цагаан аялгуу
Сүүн даллагат эжийд нь оршихтой
Саруул уудам нарт орлонгийн
Жаягийн өндөр хатад нь оршихтой
Дараагийнх нь энэ нартын буман үрсийн
Дэндүү цайлган сэтгэл нь оршихтой
Дэлгэр нартын арвин цагаан үйлс дэлгэрэхтэй
Дээдлэх цагийн түмэн суу ухаад нь оршихтой
Удаад нь цайлган цагаан сав шим оршихтой
Уужим хорвоогийн үнэнд нийцэх
Найман цагаан үнэгний хийх үйлс оршихтой
Будант хорвоог бүүвэйлж аргадах
Бүхий л цагаан үйлс ирсэн байгаа биз дээ
Балчир үрс та нарын багахан ухаанд
Буян гээчийг зөвхөн цагаан л байдаг гэж бодно уу
Дутуу л нэгэнтээ дэнсэлж дээ үрс минь
Сүү чинь хүртэл цагаан
Сүнс чинь ч бас цагаан
Яс чинь хүртэл цагаан
Ярьж хөөрөх инээд чинь цагаан
Судар бүхэн чинь цагаан
Суудал бүхэн чинь цагаан
Саран их эжий чинь цагаан
Сарьдаг их уулс чинь хүртэл цагаан
Сайрхан инээх үүлс бүхэн чинь цагаан
Хөлөглөн дүүлэх хүлэгс чинь цагаан
Хөрст алтан дэлхий чинь хүртэл
Хүй хэлхээндээ цагаанд нь оршихтой
Ийм л цагаан зүйлсийг агуулсан судар
Ивгээлт нартад ирж залрахтай
Хотол өргөө чинь сувдан цагаан
Хойноос ирэх дайсан чинь ч цагаан
Хөхрөн нүүдэллэх үүлс чинь ч цагаан
Хөдөө талын үнэр чинь бас цагаан
Хөрстийн цагаан үйлс бүхнийг чинь
Энэ л нартад цогцлоох судар юм шүү, үрс минь.